-Монгол нүүрс нэг цонхны бодлогоор гарах бэлтгэл хангагдсан үед Тавантолгойн хэлэлцээр үргэлжилнэ-
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг арваннэгдүгээр сарын 26-ны орой ард түмэндээ хандаж үг хэлсэн билээ. Түүний үгнээс уул уурхай, ашигт малтмалын салбар, төмөр зам, эрчим хүч гээд том төслүүдийн талаар хэлсэн хэсгийг тоймлон хүргэж байна.
Монгол ахан дүүсээ,
Манай орны иргэд ээ,
Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэн тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь хөндөж ярих болно.
Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн газар нэг жилийн хугацаанд ажиллаж ирлээ.
Улс орны болоод улс төрийн эрх ашгийн эрэмбэ дарааг уялдуулан зохицуулж чадаагүйгээс бид Засгийн газарт хамтрагчаа сөргөлдөгч болгон хувиргасан.
Дэлхий дахинд түүхий эдийн үнийн уналт, тэр дундаа манай голлох экспортын бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрсний үнийн эрс хямдрал үргэлжилсэн хэвээрээ л байна. Үүнээс шалтгаалан гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж чадахгүй байсаар байна. Тэр бүхнээс авдаг татвар багасч, тэр хэрээр татвараас бүрддэг төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ орохгүй байна. Өөр хоорондоо шууд холбоотой ийм хүчин зүйлс, гинжин хэлхээ бодитой оршиж, байдал хүнд байгаа ч бид боломж нөөцөө дайчлан ажиллаж, багагүй асуудал, чамгүй даалгаврын ард гарч чадлаа.
Хэцүү нөхцөлд хийсэн ажил багагүй байна. Бид хийсэн ажил, шийдсэн асуудлаа 5 үндсэн багц болгон хувааж болохоор байна.
1. Төсвийн бодлогоо шинэчилж чадлаа. 2015 оны төсвийн хоёр ч тодотгол, 2016 оны төсвийн хуулиа хэлэлцэн батлах явцад улсын нэгдсэн нэг төсөвтэй болох, төсвийн алдагдлаа бууруулах, төсвийн хэмнэлтийн бодлого баримтлах, орлого зарлагаа бодитой төлөвлөх, халамжийн бодлогоо хэрэгтэй хэсэгт нь буюу зорилтот бүлэгт онож чиглүүлэх зэрэгт томоохон ахиц дэвшил гаргаж чадлаа. Ийм үндсэн зарчим, дэвшилттэй хандлагаа цаашид хадгалж чадвал улсын төсвөө ирэх онуудаас алдагдалгүй батлах боломжтой болно.
2. Томоохон төслүүдээ хөдөлгөж, бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4,2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ 7 хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай, Монгол Улс авах татвартай байхын эх үүсвэр, үндэс суурь билээ. …
3.Хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарал хандууллаа.
Монголчуудын нэр хүнд, Монгол дахь бизнес орчныг байнга уруу татаж ирсэн 106 лицензтэй холбоотой он жилүүд дамнасан маргааныг эцэслэн шийдвэрлэж дууслаа. Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд гарсан элдэв хүндрэлийг арилгалаа. Нэг орсон бол буцаад гарч болохгүй гэж гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн “Нotel Mongolia” хэмээх нэр хоч, сөрөг буруу ойлголтыг засч залрууллаа. Төрийн 9 байгууллага тус тусдаа, дур дураараа хилээр орж гарахыг хориглох, нэг ёсондоо хүний хөлийг, хөрөнгө оруулалттай нь, эрх чөлөөтэй нь, эцсийн дүндээ эдийн засгийн хөдөлгөөнийг туших чөдөрлөх эрх дархтай байсныг бүрэн зогсоож, зөвхөн Прокурорын байгууллага шийдэж байхаар болголоо. Олон жил гацаж царцсан хайгуулын ажлыг эхлүүллээ. Нутгийнх нь хишиг буянаас нутагт нь ахиу үлдээдэг шинэ хууль баталлаа. Газрын баялгаас орон нутагт нь үлдээдэг татваруудыг нэмснээр уул уурхайн салбарыг огт дэмждэггүй байсан орон нутгийн засаг захиргаа ч, нутгийн ард иргэд нь ч асуудалд наанатай цаанатай, олон талаас нь нухацтай ханддаг болж, одоогоор 600 гаруй хайгуулын лиценз олгогдоод байна. Хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгө оруулалтын сан байгуулах гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг эргэн сонирхож эхэллээ. Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулалтын гэрээнд хувийн компаниуд гарын үсгээ зурж эхэллээ.
... Доллар, валютын ханшид чухал нөлөөтэй, сар бүр 100 сая хүртэл доллар зарцуулдаг бензиний импортын ханшийн сөрөг нөлөөллийг арилгах үүднээс Оросын ВТБ банкны эх үүсвэрт шилжүүлэх ажлыг Хөгжлийн банк хариуцан 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зохион байгуулахаар Оросын талд санал тавин, хэлэлцэн тохиролцож чадлаа.
... Бүтээн байгуулалтынхаа том төсөл хөтөлбөрүүдийг идэвхтэй үргэлжлүүлнэ. Тавантолгойгоос урагш болон зүүн тийш тавих төмөр замын бүтээн байгуулалтаа хавраас эхлүүлнэ. Төмөр замын бүтээн байгуулалтаа Япон, Хятадын талын хөрөнгө оруулалт, шаардлагатай бол олон улсын банкны санхүүжилтээр шийдвэрлэх болно. Улаанбаатар Төмөр замд дохиолол холбоог шинэчилж буй ажлаа эрчимжүүлэн дуусгаж, ачаа нэвтрүүлэх хүчин чадлаа 6 сая тонноор нэмнэ. Ирэх онд манай нутаг дэвсгэрээр 3 сая тонн нефть бүтээгдэхүүн дамжин өнгөрүүлэх гэрээг ОХУ-ын Роснефть компанитай байгуулж чадлаа. Сүүлийн хэдэн жил ачаа эргэлт нь саарч байсан Монголын төмөр зам эргэн сэргэх галт тэрэг хөдөллөө.
... Бөөрөлжүүт, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Эгийн голын Усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын нөр их ажлыг ирэх барилгын улирлаар эхлүүлнэ. Албаны үгээр бол өөрийн хэрэгцээгээ өөрөө хангана. Энгийн үгээр бол Монгол гэдэг айл хүнээс гэрэл гуйхгүй, гал царайчлахгүй, доллараар цахилгаан авдаггүй болно. Усны эх үүсвэртэй эрчим хүчтэй болсноор эрчим хүчний систем аюулгүй, бие даасан байдлаа анх удаа найдвартай хангаж, дотооддоо системийн тохиргоо хийх, удирдах бүрэн боломжтой болно.
Улаанбаатар-Мандалговийн 330 квт-ын цахилгаан дамжуулах шугам барих шийдвэрээ Засгийн газар гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот Оюутолгойтой цахилгаанаар шууд холбогдоно. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хэсгээр Сүхбаатар аймагт баригдсан аймгийн төвийн дулааны станцыг сайжруулан шаардлагатай байгаа 10 аймгийн төвд барихаар Засгийн газар шийдвэрлэлээ. …
... Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлаа Засгийн газар хангаж байна. Энд 3 зүйлийг онцолъё. 1. Тавантолгойн төмөр замын хувьд би дээр тодорхой хэлсэн. 2. Гашуунсухайт, Шивээхүрэнгээс экспортлох Монголын нүүрс нэг үнэ, нэгдсэн нэг цонхны бодлогоор гарах ёстой. Нийтлэг үнэ, нэг цонхны бодлого, нэгдсэн зохион байгуулалтаа хангасны дараа хөрөнгө оруулалтын хэлэлцээгээ Засгийн газар үргэлжлүүлнэ. 3. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 1072 хувьцааг эзэмшигч иргэддээ илүү үр ашигтай хувилбарыг судлан сонгохоор Засгийн газрын Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр гурван асуудлаа шийдмэгц Засгийн газраас УИХ-д оруулна. Тэр хүртэл Засгийн газарт ажиллах бололцоог нь олго. Тавантолгойгоо Монголын нэгдмэл эрх ашгийн дор хөдөлгөөнд оруулж чадна гэдэгт Засгийн газар итгэлтэй байна.
Тээр тэнд ууланд байгаа булш хамгаалах нэрээр эх орончийн дүр эсгэцгээх зуур алтыг нь аваад авдрыг нь хаясан мэт ухсан нүх хоосон онгойж, татварын орлогогүй, нөхөн сэргээлт ч үгүй гэмт хэрэг үлдэж, үржиж байна. Эсхүл далд биш илээр, буух эзэнтэй буцах мөртэй, үүрэх хариуцлагатай,хөрөнгө оруулагч ажиллуулж, орлого, татвараа ч улс, орон нутаг нь авч, алтны нөөцөө ч нэмж, байгаль орчныг нь ч нөхөн сэргээлгэх, булш бунхнаа ч хамгаалах ёстой. Энэ бол Гацууртын ордын эсрэг тэсрэг хоёр салаа зам. Шийдэх, шийдэхгүйн хооронд өнгөрсөн хугацаанд, мянгаас илүү нинжа өм цөм цөлмөж, үнэндээ бол дээрэмдэж байхад эх орон, Ноён уул минь гэж хамгийн чанга хашгирч байсан хатан зүрхтнүүд, хараа нь хурц хүмүүс хаашаа алга болчихов оо?
Ууланд, булшинд учир шалтгаан байсангүй. Улс төрийн оноогоо ухаж авчихаад тарчихсан байна. Засгийн газраас санал болгосны дагуу хоосон улс төр, хуурамч эх орончдод авталгүйгээр Гацууртын ордыг ил тодоор, хууль ёсоор, харилцан ашигтайгаар, төлөх татвартайгаар, нөхөн сэргээлттэйгээр ашиглах шийдвэрээ эцэслэн гаргана гэдэгт УИХ-ын гишүүдэд итгэж байна. Нинжа нарын ухаад, зөөгөөд, нураагаад, ачаад дуусгасан Өвөрхангай аймгийн Уянга, Төв аймгийн Заамар, Архангай аймгийн Цэнхэр, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан хайрхан толгой, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Модон шандын толгойн гунигтай түүхийг бид Гацууртаар үргэлжлүүлэх ёсгүй. Монгол бол түмэн нь сонгосон төртэй, төр нь баталсан хуультай улс. …
Ардчилсан цаг үеийн 13 Засгийн газрын ажлын 2 өдөр тутмын 1 нь сонгууль бодоостой, улс төрийн сөргөлдөөний дарамтад байж ирсэн. Компани, хувь хүн, айл өрх ажлын цагийнхаа талыг хамтарч бүтээхэд бус хоорондоо хэрэлдэхэд, өөрийгөө магтах, өрөөлийг муулахад зарцуулбал юу болох вэ?
Үндсэн хуулиа өөрчилсөн ч үйлчлэх хугацаа нь манай Засгийн газарт хамааралгүй ээ. Манай, танайдаа биш Монгол Улсын Засгийн газруудын цаашдын тогтвортой, итгэлтэй ажиллах боломжийг нээх нийтлэг эрх ашиг, ирээдүйн төлөө ярьж байна. Эрүүл бус нөхцөлд ажилласан сүүлчийн кабинет байгаасай гэж, Монголын хөгжлийг хангах үндсэн чанартай өөрчлөлт дахин 5, 10 жилээр бүү гацаасай гэж хүссэндээ сүүлийн 23 жилд ийм бэрхшээлтэй тулсан, туулсан Монгол Улсын 11 Ерөнхий сайдын нэгний хувьд би өөрийн байр сууриа илэрхийлж байна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг аль нэг улс төрийн нам, хэсэг бүлэг улстөрчид, сонгуульд зориулсан суртал ухуулга шийдэх ёсгүй. Монголын ард түмэн өөрчлөх саналаа илэрхийлж, ард нийт олонхоороо, санал асуулгаараа зөвшөөрлөө өгвөл УИХ дахь олонх, цөөнх зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Парламентын өндөр босгыг давсан санал хураалтаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хийх боломж Та бидэнд байсаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлт өндөр босготой. Ард түмний, УИХ-ын саналын өндөр босго, өндөр шалгууртай. Цаг бага үлдлээ гэдэг нь шалтгаан биш шалтаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой аливаа процедурын болон зохион байгуулалт, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллах болно.
Эрхэм нөхөд өө,
Энэ нэг жилийн хугацаанд эдийн засгийн амаргүй нөхцөл байдалд Засгийн газарт байнгын бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчид, нэгэн үйлсийн төлөө мөр зэрэгцэн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдэд, ИЗНН-ын төлөөлөлд, манай засгийн бүрэн эрхийн хугацааны 2/3-д хүндрэл бэрхшээлийг огоорон хамтран зүтгэсэн МАН бүлгийн гишүүд, сайд нартаа талархснаа илэрхийлье.
Хөрөнгө мөнгө дутмаг ч хүн бүл ихтэй хот хэмээх их айлыг авч яваа Улаанбаатар хот, дүүргүүдийн удирдлагууддаа, улс төрийн харьяаллаа биш улс орны эрх ашгаа тэргүүнд нь тавьж, улс даяар нэгэн багт хүчин зүтгэж байгаа аймаг, сумын бүх Засаг дарга, Тамгын газрын хамт олонд хийж бүтээснээ улам бататган, хийж бүтээхээ эрхэмлэн, зорьсон зорилгодоо хүрэхийн ерөөл дэвшүүлье.
Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга, стратегийн бусад орд, усан болон дулааны цахилгаан станцууд, авто зам, төмөр зам, барилгын салбар дахь их бүтээн байгуулалт, их ажил, оруулж байгаа хөрөнгө болгон, доллар, төгрөг бүхэн Та бидний Монгол Улсын эдийн засаг, Монгол айл өрх бүрийн амьдралд үр өгөөжөө өгнө.
Бид төгс төгөлдрийн туйлыг хайсаар, түүндээ төөрч хий эргэсээр, 100 хувийн сэтгэл ханамж эрсээр, эргэж ирэхгүй алтан цаг, эгнэгт алдагдсан боломж, огт олж аваагүй ашиг, орлого, цалин болгон үрэгдүүлж асгасаар байна. Энэ дэлхийд төгс төгөлдөр зүйл байхгүй. Тэр тусмаа хөрөнгө оруулалт, хоёр талын ашиг сонирхол тулдаг бизнесийн төсөл, гэрээ хэлцэлд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, бүтэн төгс төгөлдрийн тухай ойлголт бүүр ч байхгүй. Харин сайн гэрээ хамгийн сайндаа харилцан ашигтай л болж байж үр дүнд хүрдэг. Ийм болохоор утга учиргүй улс төржилт, эцэс төгсгөлгүй маргаан хийх орон зай, өө сэв үргэлж олдоно. Бид энэ орон зайдаа маргасаар, өөрсдийнхөө ирээдүйг өдөр өдрөөр гацаасаар сууна.
Хоёр хөрш маань, бусад хөгжиж буй орнууд биднээс ялгаатай нь чухамхүү хэрэгтэй шийдвэрээ алдаж оносон ч гаргаж, алхаа цохиж чадаж байгаад л байна. Алдаа онооны дундуур улс үндэстнээрээ, эдийн засгаараа, амьдралын түвшнээрээ урагшилж байна. Бид хэн шийдвэр гаргах, хэзээ шийдвэрээ гаргах, хэрхэн яаж гаргахаараа талцсаар, хэнийг ч олж чадаагүй байгаа, чадах ч үгүй төгс төгөлдрийн эрэлдээ төөрсөн хэвээр байсаар байна.
Монголчууд бид уг нь бодит байдлыг байгаагаар нь үнэлж чаддаг, өөрчлөлтийг шуурхай мэдэрч, дасан зохицож чаддаг хүмүүс. Хэрэгтэй үед ямар ч изм-д баригдалгүй, амьдралын хар ухаанаар, прагматик шийдвэр гаргаж чаддаг хүмүүс. Хийсвэрээс бодит амьдралыг ялгаж хардаг улс. Нэг айлын авдраас бүх намын батлах олдох нь дэлхийд ховор, манайд ердийн зүйл, аюулаас түргэн салж, амжилт өөд түрхрэн нүүж чаддаг нь нийтлэг уламжлал. Цаг үе, өөрчлөлт шилжилт, шинэ хэрэгцээг хурдан мэдэрч, хөдөлж нүүж чаддаг үүх түүхтэй, өв уламжлалтай өвөг дээдсийн үр сад.
Гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, зоригтой шийдэх үүрэг даалгавартай Ерөнхий сайдын хувьд, Засгийн газрын хувьд бодитой ажил, тодорхой шийдлийн төлөө шаардлагатай шийдвэр гарган цаг хугацаатай уралдан бид ажиллах болно.
Улс төрд хийрхэл багатай, урагшлах ажилд амжилт ихтэй хамтдаа зүтгэцгээе.
Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.