ШУТИС-аас БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнтэй хамтран “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах дэвшилтэт технологи” семинарыг өнөөдөр зохион байгуулж байна. Монгол улсын нүүрсний салбарын өнөөгийн байдал болоод нүүрсний баяжуулалтын талаар АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх танилцуулах юм. Мөн ШУТИС, Геологи уул уурхайн сургуулийн доктор Б.Алтантуяа “Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавих аж.
Семинарын гол сэдэв болох нүүрсийг хуурай баяжуулах “FGX, Allair” дэвшилтэт технологийн танилцуулгыг МАК-ийн Дэд захирал Г.Даваацэрэн хийнэ. Тус компани Нарийнсухайтын нүүрсний баяжуулах үйлдвэрт Allair технологийг нэвтрүүлсэн туршлагатай. Манай улсын нүүрсний томоохон уурхай болон Эрдэнэс Тавантолгойн өнөөгийн байдал, тус уурхайн нүүрсийг баяжуулах шаардлагын тухайд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төслийн удирдагч Л.Батсүх илтгэл тавихаар төлөвлөгджээ.
Мөн семнарын Ерөнхий зохион байгуулагчийн нэг БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс бяалагийн хүрээлэнгийн доктор Ким Бён Гун “Нүүрсийг хуурхай аргаар баяжуулах KAT технологи”-г танилцуулна.