Өмнийн говийн Оюутолгой зэс, алтны уурхайд олборлолт явуулан, зэсийн баяжмал үйлдвэрлэж буй “Оюутолгой” компани 2015 оны оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дотоодын их, дээд сургуулийн 31, гадаадын их сургуульд сурах 4 оюутанд тэтгэлэг олгох батламжаа өнөөдөр гардууллаа.
Оюутолгойн оюутны тэтгэлгийг уул уурхай болон түүнтэй холбогдох эрчим хүч, инженер, барилга болон бусад чиглэлээр суралцаж буй оюутнуудад олгодог байна. Уг тэтгэлэг оюутныг санхүүгийн хувьд дэмжээд зогсохгүй “Оюутолгой” төсөл дээр дадлагажиж мэргэших, хөгжих боломжоор хангадгаараа тун үнэ цэнтэй, нэр хүндтэй байдгийг тэтгэлэгт хамрагдсан оюутнууд ярьж байна. Тэтгэлэг гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Ц.Амартайван болон бусад төлөөлөл хүрэлцэн ирлээ.
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлж буй “Рио Тинто” компанийн хувьд Монголын боловсролын салбарт нийтдээ 126 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсний 10 сая ам.долларыг зөвхөн оюутны тэтгэлэгт зарцуулахаар тусгасан байна. “Оюутолгой” компани нь Монгол улсын хүний нөөцийн чадавх, боловсролыг сайжруулах хүрээнд “Авьяас, ур чадварыг хөгжүүлэх цогц хөтөлбөр” хэрэгжүүлж буйн нэг хүрээ нь энэхүү оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм. Дээрх цогц хөтөлбөрт Залуусын хөгжлийг дэмжих, Дотоод болон гадаадын их сургуульд сурах оюутны тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр, шинэ төгсөгч хөтөлбөр зэрэг нь багтдаг байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь 2010 онд тус компанийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай байгуулсан таван жилийн хугацаатай санамж бичгийн хүрээнд хийж буй ажил юм. Иймд 2015 оны тэтгэлэгт хөтөлбөр нь өнгөрсөн таван жилийн хугацаанд “Оюутолгой” компанийн хувьд сурлага, идэвхээрээ манлайлагч оюутныг дэмжих чиглэлд хийсэн ажлаа тайлагнах сүүлийн жил болж буй юм. Мөн хугацаанд дотоодын их дээд сургуулийн 210, гадаадын их дээд сургуульд сурах 30 оюутныг тэтгэлэгт хамруулсны 137 нь аль хэдийнэ төгсөж, сурсан мэргэжлээрээ ажиллаж хөдөлмөрлөж байна. Тодруулбал дотоодод төгсөөд буй 127 оюутны 15 нь, гадаадад сургууль дүүргэсэн 10 оюутны 5 нь “Оюутолгой” компанид ажиллаж байгаа юм.
Эдгээр тэтгэлэг авсан оюутнууд уул уурхай, байгаль орчин, хими, баяжуулахын инженер, уул уурхайн инженер, цахилгааны инженер, механикийн инженер, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд гэх мэт олон чухал салбарт суралцаж буйг “Оюутолгой” компанийн Манлайллын хөгжлийн багийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаа онцоллоо.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх тэтгэлгийг нээж үг хэлэхдээ “Далайд ёроолгүй, огторгуйд хязгааргүй, эрдэмд оргилгүй гэдэг... энэ олдож буй тэтгэлгийг сайн ашиглаж эрдмийн манлайд шамдаарай. “Оюутолгой” компанийн урдаа тавьсан зорилго бол байгалийн баялгийг хүний баялаг болгох, ухаант, оюунлаг хүмүүнийг Монголд бэлтгэх явдал байдаг” хэмээн тэтгэлэг хүртсэн оюутнуудад захилаа.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэхүү тэтгэлэг олгох ёслолын үеэр “Оюутолгой Монгол улсын нэрийг дэлхийд гаргаж яваа. Учир нь Оюутолгойн баяжмал дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж байна. “Оюутолгой” компани Монголын ирээдүйд хөрөнгө оруулж байна. Залуус бол Монголын ирээдүй юм. “Оюутолгой” компани Монголын залуусын боловсролыг дэмжиж буй нь бидний хийж буй ажил нэг зорилготой байгааг харуулж байна. Та бүхэнд амжилт хүсье, та бүхэнд асар их ирээдүй бий. Энэ ирээдүйг “Оюутолгой” компани хамтдаа бүтээлцэж буйг хэлэхэд таатай байна” гэв.
Энэ жил дотоодын оюутнуудад олгож
буй тэтгэлгийг нийт 31 оюутанд шалгаруулж өгсний 17 нь хөдөө орон нутгаас
тодорчээ. Дотоодын тэтгэлэгт хамрагдсан оюутан нь сургалтын төлбөр, сарын 200
мянган төгрөгийн тэтгэмж, дотуур байрны зардал, ном сурах бичгийн зардал,
дадлагажих, бусад чиглэлд өөрийгөө хөгжүүлэх зэрэг боломжоор хангагддаг байна.
Гадаадын сургуульд элсэж буй оюутнуудад сургалтын зардал, амьдрал ахуйд
шаардагдах мөнгөн тэтгэлгээс гадна ирж очих онгоцны тийзний зардал зэрэг бүх
төрлийн санхүүгийн тэтгэлэг багтдаг байна.
Б.Төгс