Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Багануурын уурхайд “Хитачи” фирмийн автосамосвалууд нийлүүллээ

“ЗаМайн Сервисиз” ХХК дэлхийд алдартай “Хитачи” фирмийн хоёр автосамосвалыг Багануурын уурхайд хүлээлгэн өгөх ёслол арванхоёрдугаар сарын 9-нд боллоо.

Багануур ХК-ийн захиргааны байрны өмнөх талбайд болсон уг ёслолд  Багануур ХК-ийн  Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тоёошима,  тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ю.Ариунсайхан нарын хүмүүс оролцож, тууз хайчилсан юм.
“Багануур компанитай бид олон төсөл дээр хамтран ажиллаж байна. Үүний нэг нь энэ юм. Хитачигийн бүтээгдэхүүнүүд Монголын өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байгаад  баяртай байна” хэмээн ноён Э.Тоёошима нээлтийн үгэндээ онцоллоо.

Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Өнөөдөр манай уурхайд сайхан үйл явдал болж байна. Өмнө нь ЗаМайн Сервисиз компани манайд хоёр экскаватор нийлүүлсэн. Амжилттай сайхан ажиллаж байна. Багануурын уурхай 300 мянган тонн нүүрс яаралтай тээвэрлэх шаардлагатай байгаа. Энэ үйл ажиллагаанд Хитачигийн автосамосвалууд  ихээхэн дэмжлэг болно” хэмээн ярьсан юм.

“Монгол нүүрс” төслийн хүрээнд Багануурын уурхай АНУ-ын Катерпиллар, Японы Комацу фирмийн автосамосвалуудыг авч ашиглаж, нэлээд  ажлууд гүйцэтгэж иржээ. Тус компани өнгөрсөн хоёрдугаар сард 100 сая тонн нүүрс олборлож, өндөр амжилт үзүүлсэн байна. Энэ амжилтаа бататгах, цаашид уурхайн үйл ажиллагааг өргөтгөх үүднээс  Хитачи фирмийн техникүүдийг авч ашиглах байгаагаа Багануурын ХК-ийн удирдлагууд илэрхийлж байлаа. 

“ЗаМайн Сервисиз” ХХК нь Марубени корпораци болон Таванбогд группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны гуравдугаар сараас Хитачи Констракшн Машинери корпорацийн Монгол дахь албан ёсны дистрьбютерээр ажиллаж эхэлсэн юм.

Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигджээ. Эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан юм.

Г.Идэр