“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд олон улсын банкууд болон “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компани маргааш гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Уг гэрээ байгуулагдсанаар олон улсын банкууд 4.2 тэрбум долларын санхүүжилтийг “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад зээлэх юм. Санхүүжилтийн гэрээ байгуулж буй талаар Америк, Канадын биржийн арилжаа эхлэхээс өмнө мэдээлж магадгүй байна.
Санхүүжилтийн гэрээ байгуулагдахаас өмнө Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 6% орчмоор унаж, 5.37 ам.долларын ханштай хаагджээ. Уг үнэ тус компанийн сүүлийн нэг жилийн төдийгүй 2008 оны 12 дугаар сараас хойшхи хамгийн доод үнэ юм. “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны энэ жилийн хамгийн өндөр үнэ нь 4.74 ам.доллар. Өнгөрсөн 5 дугаар сард “Дубайн гэрээ” гэх тодотголтой Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд Засгийн газар “Рио Тинто” гарын үсэг зурсны маргааш нь ийнхүү өсч байсан бөгөөд үүнээс хойш хувьцааны үнэ 50 орчим хувиар унаад байна.
“Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны
үнэ унаж байгаа нь зэсийн үнэ болоод үйлдвэрлэж буй баяжмалын агуулгатай
холбоотой хэмээн шинжээчид үзэж байна. Зэсийн үнэ энэ сарын эхээр сүүлийн 7 жил
орчмын доод үнэ 4525 долларт хүрсэн бол өчигдрийн байдлаар 4640 ам.долларын ханштай
байна. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд ирэх оны эхээр зэсийн үнийг 4000
доллараас доош орно хэмээн таамаглаж буй. Мөн тус компани ирэх жил баяжмал дахь
алтны хэмжээ нэлээд буурах төлөвтэй байгааг мэдэгдсэн нь хувьцааны ханш унахад нөлөөлсөн
гэж болох юм.
С.Болд