Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Оюутолгойн төсөл дээр үл ойлголцол гаргахгүй байхыг хүслээ

Уул уурхайн салбарын цаг үеийн асуудлаар сар бүр мэдээлэл хүргэдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Да.Ганболд болон тус яамны газрын дарга нар оролцож, мэдээлэл хийсэн юм.

Хурлын эхэнд Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, дэлхийн томоохон 20 банк, санхүүгийн байгууллага 4,4 тэрбум ам.долларын зээл олгохоор болсныг Р.Жигжид сайд онцлон тэмдэглэсэн.
Цаашид уг төсөл амжилттай хэрэгжихийн тулд Монгол улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээг хатуу чанд мөрдөж ажиллах, өмнө гаргасан алдаа, үл ойлголцлыг гаргахгүй байхыг анхаарах шаардлагатай байна гэж тэрээр ярилаа.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 9,67 сая гектар талбайг солбицлоор шинээр тогтоосон байна. Мөн Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор батлагдсан 31 сая гектар талбай бүхий солбицлоос экологийн ач холбогдолтой, байгалийн нөөцийн үндэсний парк, тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн зэрэг 8 сая гектар талбайн солбицлыг хасаж тооцжээ.

Түүнчлэн Монгол улсын хилийн зурвас газар буюу хилийн шугамаас 15 км-ийн бүсэд хуулиар хориглосон, хязгаарласан талбайгаас бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой 1,4 сая гектар талбайн солбицлыг тогтоосон байна. Ингэснээр тухайн бүс нутагт дэд бүтэц шинээр бий болгох, ажлын байр, хүн амын суурьшил нэмэгдэх, Үндэсний аюулгүй байдал, газар нутгийг геологийн судалгаагаар баталгаажуулах ач холбогдолтой аж.

Уул уурхайн яам уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байгааг Р.Жигжид сайд онцоллоо.
Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын хуралдаанаар “Биржийн нэр зарлах тухай”  Засгийн газрын 88 дугаар тогтоол болон “Аргачлал батлах тухай” 193 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулсан аж

Ингэснээр   төмрийн хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмалын ангилал батлах аргачлалыг оновчтой болгож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний ангиллыг өсгөж боловсруулсан бүтээгдэхүүний ангилалд оруулжээ.

Тост, Тосон бумбын талбайг нөөцөд авсныг Уул уурхайн яамныхан мэдээлсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны 652527.9 га талбайг Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нөөцөд авчээ. Нөөцөд авснаар тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй, өмнө олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах ажээ.

Г.Идэр