“Монполимет” ХХК, “Монцемент Билдинг Материалс” ХХК өнөөдөр Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Хөрөнгө оруулалтын хуулийн дагуу Засгийн газар, хөрөнгө оруулагч хооронд байгуулж буй 3 дахь гэрээ энэ болж байна. Хөрөнгө оруулагч “Монполимет” ХХК нь Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Сэнжит худагийн шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2006 оноос хэрэгжүүлж байгаа юм. Төсөлд нийт 512.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд одоогийн байдлаар 463.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байна. Үлдэгдэл 48.8 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагч, олон улсын банк, санхүүгийн байгууллагын эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.
Төсөл хэрэгжсэнээр татвар, хураамжаар нийт 458.1 тэрбум төгрөг буюу жилд 21.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 375 монгол иргэнийг ажлын байраар хангах аж. Гэрээнд хөрөнгө оруулалтын хэмжээ, үе шат, эх үүсвэр, татварын орчныг тогтворжуулах асуудал, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн болон бусад асуудлыг тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээ 24 жилийн хугацаатай аж.
“Монполимет” группын ТУЗ-ийн дарга Ц.Гарамжав “Төсөл маань 8 дахь жилдээ үргэлжилж, энэ жил үйлдвэрийнхээ эхний хэсэг болох цемент үйлдвэрлэх хэсгийг ашиглалтад оруулсан. Цаашид жилд нэг сая орчим тонн стандартын чулуунцар, нэг сая орчим тонн хуурай аргын технологиор гарган авсан стандарт цемент үйлдвэрлэх юм. Энэ нь барилгын салбарт анх удаа импортыг орлох экспортыг дэмжих бүтээгдэхүүн гаргаж, экспортод бүтээгдэхүүнээ гаргах үүд хаалгыг нээж байна. Бид олон жилийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж дэлхийд цөөхөн байдаг эко үйлдвэрийг сонгож, ашиглалтад оруулсан” хэмээн онцолжээ.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат 2015 онд дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтууд хийж байгааг Засгийн газар дэмжих болно хэмээн онцолжээ. Тухайлбал, МАК компанийн “Хөх цав” цементийн үйлдвэрт нийт 351 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс 263.6 сая хөрөнгө оруулалт хийгдсэн, “Цагаансуварга”-ын төсөлд нийт 1.031 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас 344.4 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Монцемент” төсөлд нийт 261.1 сая доллар шаардлагатай байснаас 232.1 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, “Дархан төмөрлөг”-ийн үйлдвэрт нийт 730 сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байснаас “Кью Эс Си” ХХК 150.0 сая долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн байна.