С.Болд
Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Компанийн Нийгмийн Хариуцлагын үндэсний 5 дахь форумыг зохион байгуулав. Тав дахь жилдээ болж буй уг форумаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, бизнесийн ёс зүй-шударга бизнес, хүүхдийн эрх ба уул уурхайн салбар болон уул уурхайн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ гэсэн үндсэн 4 сэдвээр гадаад дотоодын судлаачид болон компани, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн төлөөлөл оролцсон өргөний хүрээний хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Дээрх сэдвүүдээс хамгийн шинэлэг хийгээд анхаарал татсан сэдэв уул уурхайн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний асуудал байв. Орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг бэлдэж, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж буй үед уг сэдэв оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татсан.
Орон нутгийн төсвийн орлого 3 дахин нэмэгдсэн Форумын үеэр Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг уул уурхайн салбараас орон нутагт төвлөрч буй татварын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ашигт малтмалын хуульд өөрчлөлт орсноор хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэлсэн. Гэхдээ зөвшөөрөл олгохдоо орон нутгаас заавал асуух ёстой. Өнгөрсөн хугацаанд хайгуулын зөвшөөрөл олгох хүсэлтийн нэлээд хувьд орон нутаг татгалзсан хариу ирүүлснийг УУЯ мэдээлж байв. Татгалзах үндэслэлээ орон нутаг, уул уурхай орон нутагт эдийн засгийн хувьд үр өгөөжөө өгөхгүй байна хэмээн тайлбарласан. Тиймээс уул уурхайн салбараас орон нутагт төвлөрөх татварыг нэмэгдүүлэх, уул уурхайн олборлолтоос улсад орж буй татварын орлогоос олборлолт явуулж буй сум, аймагт түлхүү хуваарилах, эрх зүйн орчныг тодорхой хэмжээгээр бүрдүүлээд байна.
Монгол улсын хэмжээнд 23 төрлийн татвар, төлбөр байдгаас орон нутагт 12 төрлийн татварын орлого төвлөрдөг. Мөн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар дамжин тодорхой хэмжээний орлого орон нутагт хуваарилагддаг аж.
2012 оноос төсвийн шинэчлэлийг тодорхой хэмжээгээр хийж ирэхдээ орон нутагт төвлөрөх татварын хэмжээг нэмэгдүүлэх, орон нутаг зарим татварын хувь хэмжээг ИТХ-аараа тогтоох зэргээр орон нутгийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж иржээ. Тухайлбал ОНХНС байгуулж, АМНАТ-ын 5%, дотоодын НӨАТ-ын 25%, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30%-ийг шилжүүлдэг болсноор орон нутгийн төсвийн орлого дунджаар 20-35 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, АМНАТ-ийн орлогоос стратегийн ордуудын орлогыг хассан зөрүүний 30%, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг ОНХНС-д нэмж төвлөрүүлэхээр болсон. Ингэснээр 2016 оноос орон нутгийн төсвийн орлого 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой болж байгаа аж. 2012 оноос эхлэн төсвийн харилцааг шинэчилж эхэлснээр орон нутгийн төсвийн орлого 3 дахин нэмэгдсэн хэмээн Сангийн яамны мэргэжилтэн Ц.Гэрэлчимэг мэдээлсэн. Энэ бүхэн ашигт малтмалын салбарын орлогоос орон нутгийн хөгжилд зарцуулах бодитой алхмууд юм.
Нийгмийн лиценз буюу орон нутгийн гэрээIndependent Social Performance зөвлөх компанийн захирал Жордан Кушмайндерын тавьсан “Орон нутгийн хөгжлийн гэрээг цогцоор хийхэд олон улсын аргууд-сайн, муу жишээ” илтгэл форумд оролцогчдын анхаарлыг ихээхэн татав. Тэрбээр газрын тосны магнат Shell компанид орон нутагтай харилцах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай нэгэн. Тиймээс ч ашигт малтмалын компаниуд үйл ажиллагаа явуулахдаа орон нутагт ямар асуудлуудтай тулгардаг, түүнийг хэрхэн шийдвэрлэж, давж гарах талаар чамгүй туршлага хуримтлуулжээ.
Уул уурхайн салбарт Нийгмийн лиценз гэсэн ойлголт хэдийнэ бий болсон. Нийгмийн лиценз гэж уул уурхайн компани тухайн орон нутагт төсөл хэрэгжүүлэх байнгын албан бус зөвшөөрлийг орон нутгийн удирдлага, иргэдээс авахыг хэлж буй хэрэг. Засгийн газар компанид албан ёсны зөвшөөрөл өгдөг бол нийгмийн лицензийг орон нутгийн иргэд итгэж, албан бусаар өгч байна гэсэн үг. Мэдээж иргэдийн итгэлийг олж, нийгмийн лиценз авахын тулд тухайн төсөл хууль, эдийн засгийн хувьд бодитой, компаниас гаргаж буй мэдээлэл нь итгэл үнэмшилтэй, орон нутагт бүртгэгдсэн компани байх ёстой. Иргэд нь итгээгүй, газар нутгийн маргаан, усны хэрэглээнээс хамааран зогсож байсан төсөл дэлхий дээр өчнөөн олныг Жордан Кушмайндер онцолсон. Канад, Энэтхэг, Хятад, Чили гээд цөөнгүй улсад орон нутгийн гэрээг хуульчилсан байдаг аж. Харин манайд гэрээ байгуулна гэсэн хуулийн заалт бий.
Орон нутгийн гэрээний үндсэн зорилго юу болох, ямар харилцааг зохицуулах талаар илтгэгч үндсэн зарчмуудыг хэлсэн. Орон нутгийн гэрээний үндсэн зорилго нь орон нутгийн эдийн засагт ашигтай байх, нийгмийн болон бусад сөрөг нөлөөг бууруулах болон орон нутаг болон компани хоорондын үүрэг хариуцлагын хэм хэмжээг тогтоож өгөх байдаг. Тухайн орон нутгийн хөгжлийн чиг хандлагад чиглэх ёстой. Урт хугацаанд, тодруулбал 15 жил хүртэлх хугацаанд орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлтэй байх ёстой. Мэдээж хугацааны хувьд тухайн төсөл, орд ашиглалтын хугацаанаас хамааран уян хатан байж болно. Гэрээнд ямар асуудлууд тусах нь тухайн улс, орон нутгийн хөгжил, оролцогч компанийн хүчин чадал, төслийн үр өгөөжтэй нарийн уялдаатай байдаг. Мэдээж төсөл хэрэгжүүлэгч компанийн хуулиар хүлээсэн үүргийг давхардуулан орон нутгийн гэрээнд тусгах шаардлага байхгүй. Харин хуулиар нарийн зохицуулагдаагүй орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, худалдан авалт болон орон нутгийн иргэдийн эрхийн асуудал, уламжлалт зан заншлыг хүндэтгэх, хөгжүүлэн хамгаалах талаар тодорхой асуудлууд тусгаж болдог байна.
Орон нутгийн гэрээ бол улс төрийн гэрээ биш. Тиймээс дахин дахин хэлэлцэх шаардлагагүй. Орон нутгийн гэрээ сонгуулийн циклтэй холбогддог. Сонгуульд нэр дэвшигчид орон нутгийн гэрээг сайжруулна зэргээр амлалт өгч сонгогдохыг эрмэлздэг. Канадад ийм жишээ цөөнгүй гарсныг Ж.Кушмайндер сонирхуулж байв.
Орон нутгийн гэрээ байгуулахад анхаарах хамгийн гол зүйл нь гэрээнд оролцогч талууд бэлэн байх чухал. Цаг хугацаанд хавчигдан яарч, нэг талын хүсэл давамгайлал дор гэрээ хийж болохгүй. Гэрээ байгуулах хэлэлцээрт эрх тэгш байдлыг хангах шаардлагатай. Үүний тулд оролцогч талууд нэг ойлголтод хүрсэн, гэрээ байгуулах чадавх адил түвшинд байх нь зайлшгүй. Орон нутгийн удирдлагын гэрээ байгуулах чадавхийг сайжруулж, тухайн гэрээний үр дүн, зорилго зорилтын талаар өндөр түвшинд ойлголттой болсны дараа гэрээ байгуулах нь илүү үр дүнтэй болдог. Гэрээ байгуулахад хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь оролцогч талуудын боловсрол, мэдлэг, чадварын зөрүү. Орон нутгийн удирдлагад өндөр боловсролтой хүн хомс бол компанийн түвшинд маш өндөр боловсролтой хүмүүс байдаг. Гэхдээ боловсролоос илүүтэй ойлголцож, хэлэлцээрийг урагшлуулах чадвартай хүн байх нь ихээхэн чухал аж.
Мөн орон нутгийн төлөөллийн оролцоог нарийн хангаж чадахгүй бол гэрээ хүлээн зөвшөөрөгдөхгүй, хэрэгжихгүй байх магадлал нэмэгддэг. Орон нутгийн удирдлага, иргэд гэрээ байгуулахад бэлэн эсэхийг үндсэн 8 зүйлээр тодорхойлсноор гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлэх нь чухал. Дээрх 8 зүйлд 2 тал бэлэн эсэх, орон нутаг юу хүсч байгаа, орон нутгийн бүтэц бэлэн байна уу, мэдлэг, мэдээлэл, туршлага хангалттай бий эсэх зэрэг нь ордог байна.
Монголын туршлагаМонголын хувьд уул уурхайн компаниуд орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан цөөнгүй тохиолдол бий. Гэхдээ түүхий эдийн өндөр үнэ, эдийн засгийн өсөлтийн үед ард иргэд уул уурхайн компаниудаас өндөр хүлээлттэй байсан нь энэ цаг мөчид эргээд асар их дарамт болж байгааг Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн УЗ-ийн гишүүн Ж.Сүнжидмаа тавьсан илтгэлдээ онцолж байсан юм. Тэрбээр мөн орон нутгийн гэрээг богино хугацааны биш урт хугацааны хамтын ажиллагааны суурь болгох, орон нутгийн хөгжлийн зорилтын нэг хэсэг болгох шаардлагатай гэдэг саналыг хэлсэн.
Монголд байгуулагдсан орон нутгийн гэрээнүүдэд үр дүнтэй нь ч бий, алдаа мадагтай нь бий. “Энержи Ресурс” компани орон нутагтай гэрээ байгуулж, богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт хийж чадсан. Мөн “Оюутолгой” компанийн Өмнөговь аймаг болон холбогдох сумдтай байгуулсан гэрээ жишиг болохуйц гэрээний нэг юм. Жордан Кушмайндер зөвлөхийн орон нутгийн чадавхийг бэхжүүлж, нэгдсэн ойлголтод хүрсний дараа гэрээ байгуулах нь үр дүнтэй гэсэн зөвлөгөөг “Оюутолгой” ХХК амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн талаар тус компанийн Нийгмийн харилцааны хэлтсийн менежер Г.Сугар сонирхуулсан. Түүний хэлснээр орон нутагтай байгуулах гэрээний хэлэлцээр 2011 оны 1 дүгээр сард эхэлжээ. Эхний 3 сар хэлэлцээр ямар процессоор үргэлжлэхийг тодорхойлж, Санамж бичиг байгуулсан байна. Улмаар Явцын гэрээ байгуулж, орон нутаг, компани нэгдсэн ойлголтод хүрчээ. “Компани бэлтгэлээ сайн хангадаг ч орон нутаг маань хоцорч, тэдэнд дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарсан. Ижил түвшинд ойлголттой байх бэлтгэлийг хангаж байж хэлэлцээрээ үргэлжлүүлсэн” хэмээн Г.Сугар тодотгож байв. Ийнхүү 4 жил хагасын дараа өнгөрсөн хавар Орон нутагтай хамтран ажиллах гэрээг байгуулж, гэрээний хэрэгжилтийг хангах ажлыг эхлүүлээд байгаа аж.
The Mongolian Mining Journal 2015.11 /084/