Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ өчигдөр 7.89%-иар унаж, 1.96 ам.доллар болжээ. Өнгөрсөн оны сүүлийн өдрийн арилжаагаар 2.54 ам доллараар нэгж хувьцаа нь үнэлэгдэж байсан ч 2016 он гарснаас хойш өдөр бүр унасаар нийт 23%-иар сулраад байна. Ингэснээр тус компанийн хувьцааны үнэ сүүлийн 7 жил 2 сарын доод үнэдээ хүрээд байна. Түүхэн доод үнэ нь 2008 оны 11 дүгээр сард 1.72 ам.доллар байсан бөгөөд тус компани “Оюутолгой” ордын нөөцийг бүрэн гүйцэд тогтоогоогүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй байх үеийн ханш юм.
Хэдий 12 дугаар сард “Оюутолгой”
төслийн далд уурхайн санхүүжилтэд шаардлагатай 4.4 тэрбум ам.долларыг амжилттай
босгож чадсан ч энэ нь компанийн хувьцааны үнийг өсгөж чадсангүй. Хөрөнгө
оруулалтын шинжээчид зэсийн үнэ 6 жилийн доод үнэдээ хүрсэн, богино хугацаанд өсөх
магадлал муу гэсэн таамаглалтай байгаа болохоор “Туркойз хилл Ресурс”-ын
хувьцааны үнэ унаж байна хэмээн дүгнэж байгаа аж.
С.Болд