Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын ОҮИТБС-ыг 2014 оны нэгтгэл тайланг баталж, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
2014 оны ОҮИТБС-ын тайланд Засгийн газар 1573 компаниас хүлээн авсан орлогоо мэдүүлсэн бол 992 компани Засгийн газарт төлсөн төлбөрөө тайлагнасан байна. Засгийн газрын хүлээж авсан болон компаниудын төлсөн тайлагналын зөрүү 581 сая төгрөг болсныг тайланд тулган баталгаажуулалт хийсэн “KPBG Mongolia” компани мэдэгджээ.
Тайлангийн зарим онцлох мэдээллээс харвал,
-Засгийн газрын орлого хүлээж авсан 1573 компаниас 236 компанийг нэгтгэлд хамруулсан бөгөөд гол орлогын 98.8-ийг дээрх компаниуд төлжээ. Дээрх 236 компанийн төлсөн орлогын 94%-ийг топ 20 компани бүрдүүлсэн байна.
-496 компани 804 лиценз бүхий талбайд, улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжүүлсэн байна. Нэг лиценз бүхий талбайд хамгийн их хөрөнгөөр хайгуул хийсэн компаниар “Кожеговь” бөгөөд Дорноговь аймагт ураны чиглэлээр 12 тэрбум 670 сая төгрөгийг хайгуулын ажилд зарцуулжээ.
-206 ашиглалтын лицензтэй 178 компани 6 их наяд 355.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий ашигт малтмал олборлож, 7 их наяд 170.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс зэс 4.5 их наяд төгрөг, нүүрс 1.36 их наяд төгрөг, алт 543 тэрбум төгрөг, төмрийн хүдэр 522 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.
-2014 онд нийтдээ бичил уурхай эрхлэгчдийн 7085 гишүүн бүхий 871 нөхөрлөл бүртгэгдсэн нь өмнөх оноос 702 гишүүн бүхий 84 нөхөрлөлөөр илүү байна.
С.Болд-Эрдэнэ