Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ


“Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа.
 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм. 2015 онд 2014 онтой харьцуулахад уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар тус тус өссөн байна.

Харин энэ жил 175,000-195,000 тонн зэс, 210,000-260,000 унци алт үйлдвэрлэх төлөвтэй хэмээн компанийн зүгээс мэдээлжээ. 2016 онд хүдэр дэх алтны агууламж буурч байгаагаас хамааран алтны үйлдвэрлэл 3 дахин буурах бөгөөд үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх юм байна.

Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2 дугаар улирлын эхээр эхлэх төлөвтэй байгаагаа “Оюутолгой” компани мэдээлжээ. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил энэ оны 1 дүгээр улиралд багтаан дуусгаж, улмаар 2016 оны II улирлын эхээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлүүд “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг албан ёсоор гаргах төлөвтэй байгаа аж.


С.Болд-Эрдэнэ