Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Парист нүүрсний ирээдүй хэрхэн шийдэгдэв?



О.Хосцэцэг

Парист зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн хурлын дараа нүүрсний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч эхэллээ. Дүгнэлт болгож улс орнуудын гарын үсгээ зуран нэгдсэн хэлэлцээрт нүүрсийг халах талаар ганц ч үг дурдагдаагүй боловч алсуураа нүүрснээс татгалзах санааг агуулсан юм. Хурлаас гарсан  хэлэлцээрийг ирэх жил албан ёсны гэрээ болгон баталгаажуулж, хууль эрх зүйн чадамжийг бодитой болгоно. Хэрвээ гэрээ батлагдвал Киотогийн протоколоос хүчтэй баримт бичиг болно гэдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн хэлсэн юм.

1997 онд Япон улсын Киото хотод үзэглэсэн  Киотогийн протоколын хугацаа нь дуусч үр дүнг зарлахад нааштай хариу гараагүй. Учир нь ийм протоколын дүрмийг яг таг дагах юм бол эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж зарим улс орон үзэж байсан бөгөөд гэрээний заалтыг огтоос  дагаж мөрдөөгүй улсууд ч бий. Тухайлбал, АНУ гэрээнд гарын үсэг зурсан ч улс орондоо хууль журам баталж, хүлэмжийн хийн эсрэг тэмцээгүй. Энэтхэг, Хятад, Бразил ч гэрээгээр үүрэг хүлээгээгүй билээ. Киотогийн протоколыг 2011 онд таван жилээр сунгахад Канад улс эрс эсэргүүцэж, гарын үсэг зурахаас татгалзаж байв. Учир нь хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг, бохир технологитой улс орнуудад хариуцлага хүлээлгээгүй нь шударга бус гэж үзсэн. Ийнхүү маргаанаас салаагүй өмнөх гэрээг энэ жилийн хурлаар өндөр түвшинд аваачин шинэчлэхээр шийджээ.

Ялангуяа Киотогийн протоколыг дагаж мөрдөөгүй Хятад, АНУ, Энэтхэг зэрэг оронд том хариуцлага үүрүүлэхээр боллоо. Тэрхүү том хариуцлага нь хүлэмжийн хийг ихээр үүсгэдэг нүүрсний цахилгаан станцаа цөөрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү нэвтрүүлэх шаардлага юм. Хэдийгээр албан ёсоор гэрээ болон зурагдаагүй ч Парисын зөвшилцөл шуугиантай өндөрлөсөн.

Парист хатуу хариуцлагын жагсаалтууд үүсмэгц хөрөнгийн зах зээл дээр багагүй бужигнаан болов. Уур амьсгалын хурал өндөрлөсний маргааш нь нүүрсний компаниудын хувьцааны ханш 10 буюу түүнээс дээш хувиар буурав. Харин сэргээгдэх эрчим хүчний  компаниудын хувьцааны ханш өсч, хөрөнгө оруулагчид цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү анхаарлаа хандуулах боллоо.

Дэлхийн том бизнес эрхлэгчид, тэрбумтнууд ч байгальд хал багатай цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дэмжсэн эвсэл байгуулаад амжсан бөгөөд түүнийгээ Билл Гейтсээр толгойлуулжээ. Эдгээр нь үнэхээр биеллээ олж, нүүрс цаашид шахагдах уу, эсвэл түр зуурын сэтгэл хөөрөл байв уу гэдгийг улс орны амлалтуудаас харъя.
Хэн ямар амлалт өгсөн бэ?

Нүүрс нь хамгийн бохир түлшний төрлийн жагсаалтыг маргаангүй тэргүүлдэг. Тиймдээ ч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хурцаар яригдах болсон өнөө цагт хамгийн түрүүнд ад үзэгдэж буй. Гэхдээ хэдий хэмжээний нүүрс шатаахад хэр их нүүрсхүчлийн хий ялгарах вэ гэдэг асуултад хариу өгөхөд хэцүү юм. Учир нь нүүрсний чанар, шатааж буй цахилгаан станцын технологиос хамаараад үзүүлэлт өөр өөр гардаг. Тиймээс ч нүүрс хэрэглэгч орнууд харилцан адилгүй амлалт өгсөн байна.



Хятад нүүрсний станцуудаа хязгаар нутаг руу шилжүүлнэ

Хятадын эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд оргил үедээ хүрнэ. Тэр болтол хэрэглээг нь хүчээр танах, багасгахаас арга байхгүй. Тиймээс ч хятадууд тоймтой амлалт өгсөнгүй. Тус улс нийт эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг нүүрснээс гаргадаг. Нэг жилийн нүүрсний хэрэглээ нь 1,8 тэрбум тонн юм. Тийм ч учраас Хятадыг олон улсын байгууллагуудаас нүүрсний хэрэглээгээ багасгахыг үргэлж шаардсаар ирсэн. Шаардлагыг биелүүлэхийн тулд арга чарга идэвхтэй хайж байгаа ч нүүрсийг шуудхан халчих эрчим хүчний өөр эх үүсвэр олдохгүй байгаагаа нуулгүй хэлдэг.

Тэд хот суурин газар дахь нүүрсний цахилгаан станцуудаа цөөлж, хязгаар мужууддаа шинэ станц барих замаар асуудлаа шийдэхээр шулуудаад байна. Жишээ нь энэ оны эхний есөн сарын байдлаар Хятадын Засгийн газар нийт 155 нүүрсний цахилгаан станц шинээр барих зөвшөөрөл өгснийг GreenPeace байгууллагаас мэдээлсэн юм. Эдгээрийн нийт хүчин чадал нь 123 гВт болж байгаа бөгөөд энэ нь өнөөгийн Хятадын эрчим хүчний нийт хүчин чадлын 10 орчим хувь гэж бичжээ. Ер нь Хятадад хэчнээн хэмжээний нүүрсний цахилгаан станц ажилладгийг нарийн тооцоолж хэлэх аргагүй. Учир нь тэд эрчим хүчний талаарх мэдээллээ хэзээ ч нээлттэй, бодитоор гаргадаггүй билээ.

Япон, Өмнөд Солонгос нүүрснээс татгалзахгүй    


БНСУ Парисын хурал дээр одоо ажиллаж буй нүүрсний  20 цахилгаан станцаа 2021 он хүртэл ажиллуулахаас аргагүй гэдгээ хэлсэн. Гэхдээ нүүрсний дөрвөн цахилгаан станцаа хаах амлалт өгсөн мөртлөө шинээр 20 цахилгаан станц барихаар төлөвлөжээ. Дөрвөн станц хаагаад, 20-ийг шинээр барих нь ухралт бишүү гэж асуух байх. Солонгосчууд энэ асуултад “Хуучин станцаа хааж, байгальд ээлтэй, нарийн технологитой шинэ станцууд барих нь урагшаа алхсан алхам мөн” гэж хариулсан юм.

Харин Япон хүлэмжийн хийн ялгаруулалтаа 2030 он гэхэд 26 хувиар бууруулахаар амласан. Гэхдээ ирэх 10 жилд 41 нүүрсний цахилгаан станц шинээр барихаар төлөвлөснөө ч зарласан. Тус улсын эрчим хүчний хэрэглээний 22-24 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 20-22 хувийг атомын цахилгаан станцууд хангадаг. Үлдсэн хувийг нефть, хий, нүүрс бүрдүүлж байна. Фүкүшимагийн ослоос хойш япончууд аль болох олон эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авахыг хичээх болсон билээ. Үүнээс хамгийн найдвартай бөгөөд хямд эх үүсвэр нь нүүрс гэж тэд үзсэн бололтой.

Японы тэргүүлэх эрчим хүчний компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: “Парисын уур амьсгалын чуулганы үр дүнд уламжлалт эрчим хүчний эх үүсвэрийн эсрэг хандлага бий болсон ч нүүрсний цахилгаан станц шинээр барих тал дээр манай байр суурь өөрчлөгдөхгүй. Гэхдээ өндөр технологи, чанартай нүүрс хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг амласан хэмжээндээ хүргэхийг зорино” гэсэн юм.

Япончууд сүүлийн хэдхэн жилийн дотор нүүрсний зах зээл дээр томоохон тоглогч нь болж Австрали, Индонези, Мозамбик улсад үйл ажиллагаа явуулдаг нүүрс олборлогч компаниудын хувьцааг худалдан авсан. Мөн  Шинзо Абэ өнгөрсөн тавдугаар сард хөгжиж буй орнуудын дэд бүтцийн салбарт 110 тэрбум долларын хөрөнгө оруулахаа зарласан бөгөөд байгаль орчинд ээлтэй нүүрсний цахилгаан станц, эрүүл мэнд болон хурдны галт тэрэгний чиглэлд энэ хөрөнгөө зарцуулна. Хөрөнгө оруулалтаа Азийн хөгжлийн банкаар дамжуулна гэсэн юм. 

Герман өөрчлөлтөөр манлайлна

Герман бол нүүрсний импортын хэмжээгээрээ Европ тивдээ тэргүүлэгч нь. Мөн дэлхийн бохир нүүрсний цахилгаан станцын жагсаалтад Германы станцууд дээгүүрт бичигддэгийн дээр Европын хамгийн бохир 30 цахилгаан станцын 10 нь Германых байдаг гэхээр том үүрэг хүлээх нь гарцаагүй. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд үер усны гамшигт багагүй өртөх болсон нь Германы санааг ихээр зовоож байгааг Парисын хурлын үеэр онцолсон. Тиймдээ ч хүлэмжийн хийг бууруулах тал дээр бусад улс орноо манлайлан оролцоно гэдгээ илэрхийлсэн юм.

Герман 2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 1990 онтой харьцуулахад 40 хувиар багасгахаар амлажээ. Германы Парламентын доод танхим 2017 онд нүүрсний бүх цахилгаан станцуудаа үе шаттайгаар хаах талаар хэлэлцэнэ гэдгийг мэдээллийн хэрэгслүүдээр яриад эхэлсэн. Улс төрийн түвшинд ийм яриа өрнөж буй ч үйлдвэрчний эвлэлүүд, бизнесийн хүрээнийхний эсэргүүцэлтэй тулахын сацуу нүүрснээс авч буй эрчим хүчээ зуун хувь нөхөх өөр эх үүсвэрийг богино хугацаанд бий болгоно гэдэг “харганы ноос түүж эсгий хийхийн үлгэр” гэсэн утгатай зүйлийг шинжээчид нь хэлж байгаа. Харин үүний оронд цахилгаан станцын технологийг сайжруулж байгальд ээлтэй болгохоо бодох, нүүрснээс шингэн түлш гаргаж авах технологио цаашид эрчимтэй хэрэгжүүлэх арга сүвэгчилвэл зохино гэдгийг ч анхааруулж байна.  

АНУ-ын бөөрөнхий байр суурь

Нүүрсний цахилгаан станцынхаа тоо хэмжээг тогтмол бууруулж байгаа улс бол АНУ. Нүүрсний хэрэглээгээ багасгасан нь хүлэмжийн хийг багасгах үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ занараас байгалийн хий гаргаж авдаг технологийг амжилттай хэрэгжүүлсэний үр дүн гэж үздэг. Парисын хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама улс орнуудын нэгдсэн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч Киотогийн протокол шиг албадсан бичиг баримт хэрэггүй гэж хэлсэн. Ажиглагчдын үзэж байгаагаар Обама ирэх жилийн гэрээнд гарын үсэг зурлаа ч Сенат дээр очоод унах магадлалтай учраас ингэж бөөрөнхийлжээ.

Нүүрсийг халах асуудал дээр Америкийн сөрөг намынхан эсрэг байр суурьтай байгаа юм. Америк нь нүүрснээс илүү газрын тос, нефть олборлолт, хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ салбараас үүсэх хүлэмжийн хий нь нүүрснээс хавьгүй их байдаг. Ер нь АНУ-ын байр суурийг харвал Киотогийн протоколын хувь заяа давтагдах магадлал өндөр байна.  


Монгол хэрхэх вэ?

Парисын хурлын дараа манайхны дунд “нүүрс үнс боллоо” гэсэн яриа газар авсан. Тэгвэл дэлхийн томоохон нүүрс хэрэглэгчдийн ирээдүйн төлвөөс харахад наанадаж 2030 он хүртэл бидэнд боломж байна. Гэхдээ нүүрсээ уурхайн аман дээрээс шууд худалдвал амжилт олохгүй. Угааж баяжуулж, гүн боловсруулсан тохиолдолд зах зээл нээлттэй байна. Нүүрсний уурхайгаа цөөрүүлж, станцуудаа хаалаа гэх мэдээллийн цаана ямар бодлого байгааг учир мэдэх хүмүүс олж харсан байх.

Тухайлбал, Хятадын хувьд хэдийнээ ашиг өгөхөө больчихсон хуучин уурхай хэдэн арваараа байгаа бөгөөд “уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах” нэрийн дор тэдгээр уурхайгаа хаах завшаан тохиож буй.

Ер нь Парисын хуралд оролцсон улс орнууд голчлон эртний технологитой нүүрсний цахилгаан станцуудаа хааснаа сүр бадруулан мэдээлчихээд түүнээс хэд дахин олон шинэ станц барих төлөвлөгөөгөө дотроо хадгалж үлдлээ. Энэ нь нүүрс моодноос гарах болоогүйн дохио юм.

Ялангуяа манай гол худалдан авагч болох өмнөд хөршийн хувьд хязгаар нутагтаа нүүрснээс хий үйлдвэрлэх төслүүдийг тун шаргуу хэрэгжүүлж байгаа.  Coal-to-gas буюу нүүрсийг хийжүүлэх төслийн туршилтын үйлдвэрүүд аль хэдийн ажиллаад эхэлсэн. Бээжин хотод хэрэгжүүлсэн дөрвөн туршилтын төслөөс энэ онд 15 тэрбум куб метр байгалийн хий гаргахаар төлөвлөсөн, удахгүй үр дүнгээ харна. Мөн Шинжаан, Өвөрмонголд Хятадын нийт байгалийн хийн хэрэглээний 7 хувьтай тэнцэх хэмжээний хийг энэ жил үйлдвэрлэхээр төсөөлжээ. Нүүрсийг хийжүүлэх төсөлд Datang Energy Chemical Ltd, Кингко болон Хуанэн группууд оройлон хөрөнгө оруулж байна. Хятадын хойд хэсэгт үйлдвэрлэсэн байгалийн хийг Өмнөд мужууд руу дамжуулах 50 мянган км хийн хоолойг “ПетроЧайна” компани эзэмшихээр болсон. Мөн Sinopec CNOOC ч энэ төсөлд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож эхэлсэн нь ирээдүйг нь илтгэж байна. Манай улсын хилд хамгийн ойр мужуудад нүүрсийг боловсруулж хий гаргах үйлдвэрүүд босно. Эдгээр төслийн түүхий эдийг нийлүүлэх боломж ч бидэнд харагдаж байна. Товчоор хэлвэл зөвхөн коксжих нүүрс бус эрчим хүчний нүүрсний зах зээл ч ойртож иржээ.





Парисын хурлын дараа Австралийн үндэсний их сургуулийн доктор, профессор Лук Кэмп хэлэхдээ: “Сэтгэлийн хөөрлөөр “нүүрс хэрэггүй” гэж орилсон нь эцэстээ улс төрийн маргаан үүсгэж болзошгүй. Учир нь НҮБ хэдийгээр дэлхийн хамгийн том байгууллага боловч цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг, дуу хоолойгоо өргөдөг Дэлхийн банк, Азийн сан гэх мэт олон улсын байгууллага цөөнгүй бий. Тэд нэг зорилго руу явж байгаа ч асуудлыг шийдвэрлэх өөр өөр арга замыг хайдаг. Нүүрсийг халах санаачилга нь зөв ч одоохондоо хэрэгжүүлэх цаг нь биш. Түүнийг нөхөх эрчим хүчний эх үүсвэр зуун хувь алга байна” гэсэн юм. Энэ дүгнэлтээс харахад нүүрс үнэгүйдлээ, нүүрсний станцуудад хэн ч хөрөнгө оруулахгүй гэдэг таамаг нь хэт туйлширсан ойлголт юм. Хэн бодлоготой, шинэ технологитой байна, түүний өмнө нүүрсний ирээдүй гэрэлтэй байна.


The Mongolian Mining Journal 2015.12 /085/