2008 оноос уламжлал болгон зохион байгуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ыг дөрөвдүгээр сарын 6-нд “Корпорэйт” зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Тус форумыг Эрчим хүчний яам, Монголын салхины эрчим хүчний ассоциаци хамтран зохион байгуулах бөгөөд сэргээгдэх эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлүүд, бие даасан хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг дэмжих асуудлууд зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт 2015 онд хууль эрх зүйн орчны өөрчлөлттэй холбоотой томоохон шинэчлэлүүд хийгдсэн юм. Тодруулбал, 2015 оны зургаадугаар сард Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж, сэргээгдэх эрчим хүчийг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий зорилтыг баталсан. Мөн тус бодлоготой холбоотойгоор Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон юм.
“Хууль эрх зүйн орчинд энэ мэт өөрчлөлтүүд бий болсонтой холбоотойгоор сэргээгдэх эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүд болон үйлдвэрлэлийн салбарт ч ахиц дэвшлүүд гарах төлөвтэй” хэмээн Эрчим хүчний яамны холбогдох ажилтнууд мэдээлжээ.
Г.Идэр