Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинтогийн зэрэглэлийг Moody’s бууруулав

Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд дундаа хамгийн сайн үйл ажиллагаатай явж буй Рио Тинто компани болон түүний охин компаниудын зээлжих зэрэглэлийг Moody"s A3 байсныг нэг шатлалаар бууруулж Baa1 болгож бууруулан сөрөг төлөвтэй гэж дүгнэжээ. Сүүлийн үед олонхи тэргүүлэх компанийн зэрэглэлийг бууруулсаар байгаагийн эгнээнд Рио Тинто багтаж буй нь зөвхөн тус компанийн төдийгүй салбарын хувьд тун таагүй мэдээлэл юм. Зэрэглэл бууруулж буй шалтгаанаа тэд ингэж тайлбарлажээ.

Зах зээлийн бууралт улам гүнзгийрч, сэргэх төлөвийн хугацаа хойшилж буй нь уул уурхайн салбарыг бүхэлд нь уруудуулсаар ирсэн. Энэ нь Рио Тинто компани болон салбарынхны зээлийн эрсдлийг өндөрсгөж, илүү сул үзүүлэлттэй болгож байна.

Хятадын эдийн засгийн өсөлт саарч буй нь аж үйлдвэрийн үндсэн металуудын эрэлтэд нөлөөлөхийн зэрэгцээ гангийн үйлдвэрлэл  буурч буй нь төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлтэд нөлөөлж, улмаар үнийн бууралтад хүргэж байгаа билээ. Нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал, ялангуяа Рио Тинто компанийн гол орлогын эх үүсвэр болсон төмрийн хүдрийн салбарт байгаа нь цаашдын олон жил үнэ доогуур байх нөхцөл болж байна.

Хэдийгээр газрын тосны үнэ, тээвэрлэлтийн зардал буурч, олборлолт хийгдэж буй орнуудын валютын ханш суларч байгаа нь үйл ажиллагааны зардлыг бууруулж буй ч бүтээгдэхүүний үнийн бууралт үйл ажиллагааны эрчинд хүчтэй сөрөг нөлөө үзүүлсээр байх болно. Түүнчлэн америк долларын ханш чангарч буй нь эрэлт сулрахад нөлөөлөхийн сацуу ихэнх метал доллараар борлуулагддаг тул бүтээгдэхүүний үнэ сулрах байдлыг идэвхжүүлэх үндэс болж байна.

Ийм үндэслэлүүдийг Moody’s зэрэглэл бууруулах шийдвэртээ онцолжээ. Baa1 зэрэглэл нь хөрөнгө оруулалтын боломжтой ангилалд тооцогддог ч, хөрөнгө оруулалтын ангиллууд дундаа доогуурт ордог. Иймд Moody’s-ийн шийдвэр хөрөнгө оруулалтын бус ангилал руу Рио Тинто-г улам ойртууллаа.  

Энэ мэдээлэл өчигдөр цацагдмагц Рио Тинтогийн хувьцааны үнэлгээ Нью-Йоркийн бирж дээр -3.48%-иар буурч 25.98 ам.доллар болжээ.


Б.Төгс