Монгол улсад хүртээмжтэй өсөлтийг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкнаас техникийн туслалцаа үзүүлж байгаа юм. Техникийн туслалцааг Япон улсын ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд Монгол улсын Сангийн яам төслийн гүйцэтгэлийг хариуцан ажиллаж байгаа аж. “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” төслийн хүрээнд “Хүртээмжтэй өсөлт ба хэвлэл мэдээлэл” семинарыг өнөөдөр зохион байгуулсан юм.
Семинарын гол зорилго нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүртээмжтэй өсөлтийг боловсруулахад төр засгийн бодлогод нөлөөлөх явдал юм. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй өсөлтийн талаар олныг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, хүртээмжтэй өсөлтийн ашиг тус болон энэ нь тогтвортой хөгжлийн асуудалтай хэрхэн холбогдох талаар олон нийтэд мэдээлэл түгээх боломжийг бий болгох ажээ.
“Хүртээмжтэй өсөлт гэж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хүн бүр оролцох, үр шимийг нь тэгш боломжоор хүртэхийг хэлнэ” хэмээн МУИС-ийн харьяа Бизнесийн сургуулийн дэд профессор, доктор А.Энхбат тодорхойлов. Тэрбээр семинарт, Монгол улс дахь хүртээмжтэй өсөлтийн орчин болоод олон улсын тэргүүн туршлагын талаар илтгэл тавьсан юм. Монголын эдийн засгийн өсөлтөд уул уурхай давамгайлах үүрэгтэй оролцож байна. Улмаар олон хүн эдийн засгийн өсөлтийн үр шимээс хүртэж чадахгүй гадна орхигдох үр дагавартай. Нэн ялангуяа ядуу иргэд илүү өртдөг талтайг доктор А.Энхбат илтгэлдээ онцолсон. Мөн манай улстай адил байгалийн нөөцтэй, уул уурхай нь эдийн засгийн голлох салбаруудын нэг болох Ботсвана, Чили, Норвеги зэрэг орны хүртээмжтэй өсөлтийг амжилттай хэрэгжүүлж буй туршлагаас сонирхуулсан юм.
Семинарын хоёрдугаар хэсэгт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөх Н.Одмаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг танилцуулж, “Бодлогын үйл явц дахь хүртээмжтэй өсөлт” сэдэвт илтгэл тавилаа. Илтгэлд хөгжлийн бодлого дахь хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн оролцоо, хүртээмжтэй өсөлтийг дэмжихэд гүйцэтгэх үүрэг оролцооны талаар хөндсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллага ямар үүрэг оролцоотойгоор хүртээмжтэй өсөлтийг дэмжих тухайд судалгаанд суурилсан, тэнцвэртэй сэтгүүл зүй нь хүртээмжтэй өсөлтийн асуудлаар олон нийтийг мэдээлэлжүүлж, нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнөхөд мэдээллийн эх сурвалж болно хэмээн тодорхойлсон байна.
Энэ удаагийн семинар, сургалтад улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, уул уурхай, байгаль орчин, хүний эрх, авлигын сэдвээр дагнан бичдэг 20 гаруй сэтгүүлч оролцлоо. Оролцогч сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор семинарын Ерөнхий зохион байгуулагч “Хүртээмжтэй өсөлтийг дэмжих” төслийн Чадавхи бэхжүүлэх мэргэжилтэн Сюзан Хайес “Хүртээмжтэй өсөлт ба сэтгүүл зүй” сэдвээр сургалт явуулсан юм. Сургалтаар сэтгүүлчдийг тухайн сэдвийн гол асуудлыг гаргаж ирэхийн тулд хэрхэн мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэх, асуултаа хэрхэн нээлттэй боловсруулах талаарх сэтгүүл зүйн мэргэжлийн заавар, аргачлалыг өгөхийг зорьжээ.
Э.Од