Эрдэнэт хотноо өнгөрсөн бямба гаригт “Медипас” эмнэлгийн албан ёсны нээлт боллоо. 69 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босч буй эмчилгээ, оношилгооны энэхүү төв нь Японы эмнэлгийн менежмент, технологийн дагуу дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм. “Эрдэнэт үйлдвэр”-ээс нийгмийн хариуцлагын хүрээнд ард түмэндээ бэлэг болгон бүтээн байгуулсан тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг дэлхийд тэргүүлэгч Hitachi, Sysmex, Fujinon зэрэг фирмийн хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай оношилгоо шинжилгээний аппарат, тоног төхөөрөмжөөр бүрдүүлжээ. Өдөрт 500 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай тус эмнэлгийг цаашид өргөтгөн, 180-200 ортой хэвтүүлэн эмчлэх эмнэлэг, резидентийн сургалт, эрдэм шинжилгээний төв, ахмадын асрамжийн газар зэргийг барьж, байгуулах зорилт тавьжээ.
Erdenet Today сайтад мэдээлснээр Медипас оношилгоо-эмчилгээний төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон төр засгийн байгууллагын төлөөлөгчид, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимузи, Япон улсын “Медипас” нийгэмлэгийн ТУЗ-ийн дарга Суяама Ясуо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн тэргүүтэй тус үйлдвэрийн удирдлагууд, Орхон, Булган аймгийн ИТХ, Засаг дарга тэргүүтэй төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын төлөөлөл оролцсон байна.
“Медипас” эмнэлэг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс ард түмэндээ үйлчилж эхэлсэн юм.