Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Компанийн нийгмийн хариуцлагын стратегиа боловсруулжээ

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын /КНХ/ стратеги боловсруулах хоёр дахь  шатны сургалт семинарыг өчигдөр өөрийн сургалтын танхимдаа зохион байгууллаа.  Тус сургалтад хамрагдсан “Сонор трэйд”, “Шижир-Аранжин” компани өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон КНХ-ын стратегийн  төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар  боловсруулжээ.

КНХ-ын стратеги төлөвлөгөөнд нь тухайн компанийн стратеги зорилго, зорилт, хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө, үйл ажиллагаанууд багтсан байна. 

“КНХ-ын үндсэн долоон чиглэл байдаг. Эдгээрээс гурвыг нь компаниуд өөрсдийн онцлог, үйл ажиллагаандаа тохирохыг сонгоод хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, стратегийн зорилгуудаа тодорхойлоод, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулан цогц удирдамж гаргаж ирэх юм. Үүнийгээ компанийн удирдлагууддаа танилцуулж, батлуулах шаардлагатай. Ингээд зургаан сарын хугацаанд стратегиа хэрэгжүүлэх учиртай” хэмээн сургагч багш, Нормисур Интернэйшнл” ХХК-ийн Ерөнхийлөгч Селина Пагани Тусинион ярилаа.

Зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх стратеги үйл ажиллагаанд “Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл”-ийнхан хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд зөвлөмж өгч ажиллах аж.  Цаашид   тус зөвлөл КНХ-ын стратеги боловсруулах сургалтуудыг бие даан зохион байгуулах чадавхитай болох аж.  

Өмнөх сургалтаар компаниуд КНХ-ын ерөнхий ойлголт, түүний хөгжил, хэрэгжүүлэх ач холбогдол, үр өгөөжийн талаар системтэй мэдээлэл өгснөөс гадна компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ хэрхэн тодорхойлох талаар ойлголтуудыг авсан юм.

Аж ахуйн нэгжүүд  КНХ-ын стратегийг зөв боловсруулснаар компанийн өөрийн үнэ цэн, нэр хүнд өсөх, чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнээр хангагдах, үйл ажиллагааны зардлаа бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах зэрэг эерэг талууд олноор бий болох юм.

Г.Идэр