Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт “Discover Mongolia” ирэх сарын 8-9-нд 14 дэх жилдээ болох гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь шинэ Засгийн газар байгуулагдаад буй үед зохиогдож буйгаараа ихээхэн онцлогтой юм.
Сүүлийн найман жилийн хугацаанд УИХ-ын сонгуулиар анх удаагаа нэг нам дийлэнх олонхийг бүрдүүлж Засгийн газраа байгуулж буй явдал нь уул уурхайн салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдэх суурь нөхцөл болно хэмээн найдаж буйгаа хурал зохион байгуулагчид хурлын цахим хуудсанд онцолсон байна. Тиймээс шинэ Засгийн газрын уул уурхайн салбарт баримтлах бодлогын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц. Дашдорж “Discover Mongolia” хуралд илтгэл тавих юм байна.
Энэ жилийн хурлыг “Прайм Инфо”, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци нь “Эрдэнэс Монгол” компанитай хамтран зохион байгуулж буй юм.
Хурлын үеэр “Засгийн газрын цаг” уламжлалын дагуу болохын сацуу уурхайн аяллаар хурлын алтан түнш “Эрдэнэ Монгол” компанийн Алтан нар, Баянхөндийн хайгуулын төслүүдийн явцтай газар дээр нь очиж танилцах боломжтой юм.