Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт өсөв

Оросын уул уурхай, металын тэргүүлэх компаниудын нэг “Мечел”-ийн Хятад руу нийлүүлэх коксжих нүүрсний экспорт нэмэгдсэний сацуу Энэтхэг, Вьетнам руу нүүрс нийлүүлж эхэлсэн тухай тус компани оны эхний хагасын үйл ажиллагааны тайландаа дурджээ.

Хятадын тухайд ашиггүй уурхайнуудаа хааж буй явдал нь нүүрсний импортын эрэлтийг өнгөрсөн хоёрдугаар улиралд нэмэгдүүлсэн тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Олег Коржов мэдэгджээ.

Нүүрсний томоохон импортлогч Хятад улсын хувьд энэ жил 250 сая тонны олборлолтын хүчин чадал бүхий нүүрсний ашиггүй уурхайнуудыг хаахаар зэхэж буй төлөвлөгөө нь аль хэдийн 30 гаруй хувийн биелэлттэй байгаа гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь импортын нүүрсний хэрэглээг, ялангуяа коксжих нүүрсний хэрэгцээг нэмэгдүүлэх суурь нөхцөл болжээ.

Мечелийн хувьд үүссэн боломжийг сайн ашиглахыг эрмэлзэж байгааг Коржов онцолжээ.

Тус компанийн тухайд өнгөрсөн улиралд олборлолтоо 4%-иар нэмэгдүүлсэн бөгөөд Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо нэмэгдүүлсэн нь тус компанийн урд хөрш рүү чиглэсэн худалдааг оны эхний улиралтай харьцуулахад бараг 50%-иар өсгөжээ.

Мечел хоёрдугаар улиралд 5.9 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх улирлынхаасаа 4%-иар дээшилжээ. Мөн оны эхний хагасын байдлаар 11.5 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1%-иар өссөн байна.

Энэ дундаа боловсруулсан коксжих нүүрсний үйлдвэрлэл оны эхний хагаст 4.5 сая орчим тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10%-иар ахиу үзүүлэлт юм.

Хятад улс оны эхний хагаст 27 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 25% нэмэгдсэн дүн болж байна.




Б.Төгс