Дэлхийн уул уурхайн хамгийн том компани BHP Billiton 2016 оны санхүүгийн жилийн тайлангаа танилцуулж, 6.4 тэрбум долларын алдагдалтай ажилласнаа өчигдөр мэдээллээ. Ийнхүү алдагдал хүлээхэд ашигт малтмалын түүхий эдийн үнэ буурсан, АНУ дахь төслүүдийнх нь үнэ цэн унасан, Samarco төмрийн хүдрийн төсөл дээр осол гарч нөхөн төлбөр төлсөн зэрэг нь голлон нөлөөлжээ.
Энэ жилийн алдагдал хүлээсэн явдал 2015 оны санхүүгийн жилтэй харьцуулахад компанийн ашиг 434%-иар буурсныг илтгэнэ. Өмнөх санхүүгийн жилд BHP 1.9 тэрбум долларын ашигтай ажиллаж байсан юм.
Хэдийгээр алдагдалтай ажилласан ч тус компанийн Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи “Манай компани нэгэн хүнд оныг сайн гүйцэтгэлтэйгээр давлаа” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр BHP ирэх санхүүгийн жилд илүү сайн амжилттай ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.
Тус компанийн тухайд бүтээмжээ дээшлүүлэхээр ихээхэн идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх онд бүтээмжээ сайжруулснаар 1.8 тэрбум долларын ашгийг нэмж олохоор төлөвлөжээ.
BHP компанийн хувьд Австралид Olympic Dam зэс, алт, мөнгө, ураны төсөл хэрэгжүүлдэг нь дэлхийн зэсийн хамгийн том ордуудын нэгд тооцогддог. Одоо уурхайг өргөтгөх төсөл хэрэгжиж байгаа юм. 2017 оны санхүүгийн жилд төслийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэхээр компанийн төлөвлөгөөнд тусгажээ. 2020 он гэхэд төслийн өргөтгөл эхний бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэхээр байгаа юм. Тус компани 2025 он гэхэд уурхайн зэсийн бүтээгдэхүүнийг одоогийн 200 мянган тонны түвшнээс 450 мянган тонн зэс болгож нэмэгдүүлэхээр зорьж байна.
BHP
өнгөрсөн онд 1 сая 580 мянган тонн зэс, 227 сая тонн төмрийн хүдэр, 43 сая
тонн коксжих нүүрс, 240 сая баррель газрын тос олборложээ. Харин олборлолтын
зардлын хувьд тонн зэсийг 2700 орчим ам.доллар, тонн төмрийн хүдрийг 15
ам.доллар, тонн коксжих нүүрсийг 55 ам.доллар, нэг баррель нефтийг 8.5
ам.доллараар тус тус олзворложээ. Энэ нь BHP
хамгийн бага зардлаар олборлогчдын эгнээг тэргүүлж буйг харуулж байна.
Б.Төгс