Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Уурхайн хаалт” онол практикийн хурлаар энэ жил “Нийгмийн лиценз”-ийн асуудлыг онцлон хэлэлцэхээр төлөвлөж байна. “Уурхайн хаалт” онол практикийн XI хурал есдүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо болох юм.
Энэхүү хурлаар уул уурхайн компаниудад тулгарч буй "нийгмийн лиценз"-ийн асуудлууд, тэдгээрийг үр дүнтэй шийдсэн, оролцогч талуудыг оновчтой уялдуулсан, оролцоог хангасан шилдэг туршлагатай танилцаж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Германы Гео-Шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль хамгаалал” төслийг 2005 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн хүрээнд зохион байгуулдаг “Уурхайн хаалт” хурлаар энэ жил зөвхөн байгаль орчны асуудлыг төдийгүй нийгмийн лицензийн талаар хэлэлцэх гэж буй нь салбарын мэргэжилтнүүдийн сонирхлыг ихээхэн татаж байна.
“Уурхайн хаалт” хуралд компаниудын мэргэжилтнүүд, инженерүүд болон салбарын эрдэмтэд оролцох юм. Хурлын хөтөлбөрт Уурхайн хаалтын хууль, эрхзүйн орчин, уурхайн хаалтын туршлага, уул уурхайн компаниудын туршлага, уул уурхайн салбарт нийгмийн лиценз бий болгоход уурхайн хаалтын үүрэг зэрэг сэдэв багтжээ.