Монгол улсын уул уурхай, эдийн засгийн салбарт хөрөнгө оруулагчдыг нэгтгэн, зөвлөлдөх боломжийг бүрдүүлдэг “Invest Mongolia-2016” чуулга уулзалт Шангри Ла зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө болж байна.
Өчигдөр эхэлсэн хурлыг нээж “Фронтиер Секьюритис” компанийн Ерөнхий захирал Маса Игата үг хэлсэн бөгөөд CRU группыг төлөөлөн Жонн Жонсон “Монголын түүхий эдийн зах зээл, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрээр “БНХАУ-ын зээлийн урамшуулал болон барилгын салбарын сэргэлтээс болж түүхий эдийн салбарын нөхцөл байдал энэ жил эрс сайжирсан. Гэсэн хэдий ч илүүдэл нийлүүлэлтийн эрсдэл болон эдийн засгийн тодорхой бус байдал Монголын түүхийн эдийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага, ялангуяа зэс, нүүрс, бусад түүхий эдийн бараанд хэрхэн нөлөөлөх вэ” гэсэн үндсэн сэдвийг онцолж илтгэлээ.
АСЕМ-ийн орнуудын тогтоосон улс төрийн харилцаа эдийн засгийн ашигтай ажиллагаа руу шилжих цаг болсныг Жонн Жонсон онцлов.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Болд “АСЕМ-ийн хөрөнгө оруулагчдад үзүүлсэн ач холбогдол?” сэдвээр илтгэсэн бөгөөд 2017 оноос эхлэн төлөгдөх Засгийн газрын бондууд, тэдгээрийн эргэн төлөлтийн нөхцөл байдал, ОУВС-д найдлага тавьсанаас үүдэх сайн, муу талуудын талаар панель хэлэлцүүлэг өрнөсөн.
Мөн хэлэлцүүлгийн “Уул уурхай” гэсэн сэдвийн хүрээнд “Хоган Ловеллс” фирмийн Ерөнхий захирал Крис Мелвилле “Брекситийн талаар болон үзүүлэх үр нөлөө”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” группын Монгол улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх, “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн Ерөнхийлөгч Петер Акерлей нар илтгэл тавилаа.
“Invest Mongolia-2016” чуулга уулзалтын эхний өдрийн хуралдаан “Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт” гэсэн сэдвээр үргэлжилж өндөрлөсөн юм.
Харин өнөөдрийн чуулга уулзалтад “Өсөлтийн стратеги, Дэд бүтэц, Ногоон хөгжил сэдэвт Элчин сайдуудын хэлэлцүүлэг өрнөнө. Мөн “Монгол улс дахь дэд бүтцийн хөгжил, Ногоон хөгжил ба Сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” зэрэг сэдвээр оролцогчид илтгэл тавина.
Г.Идэр