Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо нь Монголын Геологи, Уул уурхайн мэргэжлийн институт, Ил уурхайн инженерүүдийн холбоо, СЕСМИМ төсөлтэй хамтран “Уурхайн хаалт-Нийгмийн лиценз” 11 дүгээр хурлыг “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд өнөөдөр зохион байгуулж байна. Энэ удаагийн хуралд нийгмийн лицензийн асуудал голлон тусгагдсанаараа онцлогтойг хуралд оролцогчид тэмдэглэлээ.
Хурлын үдээс өмнөх хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х. Бадамсүрэн нээлтийн үг хэллээ. Тэрбээр “Уурхайн хаалтыг салбарын хэмжээнд зөвхөн нөхөн сэргээлт мэтээр ойлгож ирсэн. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн бол хаах өдөр ирнэ. Нийгмийн лиценз буюу бүх талын харилцан ойлголцолд хүрэхийн чухлыг энэ хурлаар хэлэлцэж буй нь сайшаалтай” хэмээн онцлон тэмдэглэв. Уурхайн хаалтыг тухайн уурхайн хэсгийн зэргэлдээ орших бусад салбартай нь уялдуулан тооцож хийх нь гол ажил болохыг тэрбээр сануулсан юм.
Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ирэх дөрвөн жилд ашигт малтмалыг зөвхөн баяжуулах бус илүү өндөр түвшинд боловсруулахад чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулах бодлого баримтлах талаар салбарын дэд сайд мэдэгдлээ. Тухайлбал нефть боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, төмрийн үйлдвэр зэргийг байгуулахаар ажиллах юм байна. Үүнээс гадна салбарын яам цаашид уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт дээр худалдааны үнийн нэгдсэн бодлого баримталж ажиллах ажээ. Ингэснээр дотоодын уурхайнууд үнээ бууруулан өрсөлддөг байдал алга болох боломж бүрдэх юм.
Тус яамны Уул уурхайн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч И. Болд илтгэлдээ, уурхайн хаалтын тухай бие даасан хууль боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буйг дуулгалаа. Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон холбогдох яамдын мэргэжилтнүүд багтсан бөгөөд хуулийг Монголын онцлог нөхцөлд тохируулан боловсруулахаар ажлаа эхлүүлжээ. Ингэснээр Монгол улс уурхайн хаалтыг олон улсын хэмжээнд төлөвлөж гүйцэтгэх суурь нөхцөл тавигдах боломжтой болох юм. Өнөөгийн нөхцөлд Монголд уурхайн хаалтыг одоогийн хууль, түүнийг зохицуулсан журмуудаар нарийн сайн гүйцэлдүүлэх боломжгүй байгааг тэрбээр тайлбарлалаа.
Уг хуралд мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д. Даваасамба оролцож илтгэл тавив. Түүний илтгэлд улсын хэмжээнд нийт 15 аймгийн 56 сумын 566 хэсэгт 4 мянга орчим га талбай эвдрэлд орж эзэнгүй орхигдсон тухай мэдээлэл багтсан юм. Эдгээр талбайг нөхөн сэргээхэд 80-100 тэрбум төгрөг шаардлагатайг тэрбээр ярилаа. Харин уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансанд оны эхний хагас жилийн байдлаар 10.5 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа ажээ. Одоогоор компаниуд тусгай дансанд өөрийн уурхайн тухайн жилийн нөхөн сэргээлтэд шаардлагатай санхүүжилтийн 50%-ийг урьдчилан байршуулж буйг цаашид 100%-д хүргэх төлөвтэй байна.
Салбарын хэмжээнд нөхөн сэргээлтийн
тусгай зөвшөөрөл бүхий 392 компани байгаа ч үүнээс ердөө 20 нь л идэвхитэй үйл
ажиллагаа явуулдаг байна. Цаашид нөхөн сэргээлтийн эрхтэй компаниудыг Байгаль
орчин, аялал жуулчлалын яам аттестатчилах замаар
энэ байдлыг цэгцлэх ажээ. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт
хийдэг компаниуд ч олон байгаа бөгөөд саяхан Орхон голыг бохирдуулсан гэх
тодотголтой компаниудын долоо нь нөхөн сэргээлтийн эрхтэйгээр үйл ажиллагаа
явуулдаг компаниуд тийнхүү олборлолт хийж байсныг тэрбээр ярилаа.
Хуралд мөн СЕСМИМ төслийн зөвлөх М. Дагва, төслийн ахлах зөвлөх Г. Сурахбаяр нар уурхайн хаалтын олон улсын туршлага, уг төслийн талаар, “Энержи Ресурс” компанийн Орон нутгийн харилцааны ахлах менежер Ч. Ганчимэг нийгмийн лицензийг бэхжүүлэх сэдвээр, “Саусгоби Сэндс”-ийн Байгаль орчны хэлтсийн орлогч дарга Д. Ариунболд уурхайн нөхөн сэргээлт, хаалтын ажлын явц, Бор-Өндөрийн үйлдвэрийн дэд захирал С. Ган-Очир тус уурхайн хаалтын концепци, ШУТИС-ийн багш Ц. Ариунжаргал уурхайн хаалтын төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлсэн жишээ сэдвээр сонирхолтой илтгэл танилцуулсан юм. Үдээс хойшхи хуралдаан уурхайн хаалтын хүрээнд олон нийтийн оролцоо, мэргэжлийн хяналт, байгаль орчны үнэлгээ, техникийн судалгаа, нөхөн сэргээлт зэрэг чиглэлд салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Мөн уурхайн хаалт ба нийгмийн лиценз сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж, хуралдааны төгсгөлд тус хурлаас гарсан нэгдсэн зөвлөмжийг танилцуулна.
Б. Төгс