“Орос-Монгол орнуудын хамтын ажиллагаа-2016” бизнес форумыг Новосибирск хотод аравдугаар сарын 27-30-нд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг зохион байгуулагчид өнөөдөр Нийслэлийн захирагчийн ажлын “Хангарьд ордон”-д мэдээлэл хийсэн юм.
Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 95 жилийн ойн хүрээнд болох бизнес форумаар хоёр улсын эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монголын үндэсний үйлдвэрлэлийг ОХУ-ын зах зээлд гаргах төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах аж.
Уг бизнес форумыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын хороо болон Новосибирск хотын даргын “Ажлын алба” зэрэг байгууллага зохион байгуулж буйг онцолсон юм.
Энэ удаагийн бизнес форум нь уул уурхай, хөдөө, аж ахуй, газар тариалан, эрчим хүч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам гүүр, аялал жуулчлал, барилга гэсэн үндсэн салбар хуралдаанаар өрнөж, бизнесийн тодорхой гэрээ хэлцлүүдийг байгуулах боломжийг бүрдүүлэх ажээ.
Монголын аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд арга хэмжээний үеэр өөрсдийн бизнесийн төслөө танилцуулж, харилцан мэдээллээ солилцох хүсэлтээ ойрын өдрүүдэд илэрхийлбэл бизнес форумын хөтөлбөрт тусгах болно хэмээн тус форумыг зохион байгуулагчид ярилаа.
Г.Идэр