Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зургаа дахь жилдээ Монгол-Германы бизнес өдрүүд „Made in Germany“ арга хэмжээг ирэх аравдугаар сарын 11-12-нд Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.
GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс санаачилан зохион байгуулж буй Герман-Монголын бизнесийн өдрүүдийн арга хэмжээ нь хоёр улсын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ технологи, ноу-хауг солилцох зорилготой юм.
Энэ жилийн бага хурал, түүнийг дагалдах үзэсгэлэнд Герман, Монголын 50 гаруй компаниуд оролцож хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын талаарх мэдээллийг хүргэхээс гадна өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцохоор төлөвлөжээ.
“Made in Germany” арга хэмжээний нээлтийн ёслолын хүндэт зочноор Монгол улсын Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Он бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Штефан Дуппел нар уригдан оролцох юм байна.
Германы компанийн засаглалын зарчим, кодексийг боловсруулсан олон улсад танигдсан судлаач Проф. Др. Кристиан Штренер “Компанийн сайн засаглал” сэдвээр үндсэн илтгэл тавихаас гадна Монгол, ХБНГУ, АНУ, БНХАУ, Австралийн бизнес эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт нэр хүндтэй төлөөлөгчид илтгэл, танилцуулга хийхээр төлөвлөжээ. Мөн Master Class сургалт семинарыг зохион байгуулах аж.
Энэ жилийн арга хэмжээний үндсэн чиглэл нь компанийн удирдлагын менежмент, газар тариалан, текстил – бэлэн хувцасны технологи, эрчим хүч байх бөгөөд эдгээр чиглэлээр мэргэжлийн арга хэмжээнүүд зохиогдож, өргөн хүрээний ороцогчдод сонирхолтой ярилцлага, шинэлэг мэдээлэлийг хүргэх гэнэ.