Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинар боллоо





Монголын уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт “Комацу” брэндийн техник, тоног төхөөрөмж  нийлүүлдэг “Трансвест Монголиа” ХХК нь харилцагч байгууллагуудынхаа дунд “Уулын тоног төхөөрөмжийн парк сонголт” сургалт-семинарыг есдүгээр сарын 14-нд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Энэ нь тус компанийн зүгээс харилцагчдадаа зориулсан найм дахь  сургалт юм.

“Трансвест Монголиа” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Келвин Каукинен  сургалтыг нээж  хэлсэн үгэндээ “Уул уурхайн амаргүй хүнд нөхцөлд бид бүтээмж өндөртэй, ашиглалтын зардал багатай техник, тоног төхөөрөмжүүдийг максимум түвшинд ашиглаж, байж болох хамгийн өндөр бүтээмжийг бий болгоход төвлөрч ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн сургалт-семинар энэ зорилготой нягт уялдаж байгаа юм” хэмээн онцоллоо.Энэ удаагийн сургалт-семинарт  анх удаа хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ч цөөнгүй байв.

“Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдааны газрын дарга Д.Болдсүх  тус компанийн өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлууд болон  2016 оны үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Тэрээр зөвхөн компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний талаар бус, Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг дэлхийн зах зээлийн чиг хандлагатай холбож ярьсан нь харилцагчдын сонирхлыг  татсан юм.

Монголын уул уурхайн салбарын ид өсөлтийн жилүүдэд  дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17,3%-д хүрч байсан бөгөөд энэ үед  зөвхөн техник, тоног төхөөрөмжийн импорт   улсын төсөвт зонхилох хувь нэмэр  оруулж байсныг Д.Болдсүх дарга онцолсон. 2016 оны хувьд ДНБ 1,6%-ийн  өсөлттэй байх ажээ.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын маш олон ханган нийлүүлэгч компани хөрөнгө оруулалтаа багасган, ажилтнаа цомхтгох болсон нь салбарын хөрөнгө оруулалт муудсантай холбоотой юм. Гэхдээ гадаадын уул уурхай, эдийн засгийн томоохон шинжээчдийн таамаглаж буйгаар 2019 оныг хүртэл ДНБ  өсөлттэй байх төлөвтэй байх юм байна. 

Уул уурхайн томоохон төслүүдийн хувьд “Трансвест Монголиа” компанитай хамтарч ажиллах хандлага нэмэгдэж  байгаа  аж. Тухайлбал,  2011 онд “Оюутолгой”  төсөл дээр анхны хамтын ажиллагаагаа эхлүүлсэн  тус компани өдгөө нүүрс, алт, зэсийн томоохон төслүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн байна.

Уул уурхайн салбарын ид өсөлтийн үед Монголд импортлогдсон техник, тоног төхөөрөмжүүдийн тоо жилдээ 200 гаруйд хүрч байжээ. 2011 онд гэхэд 380 том техник тоног төхөөрөмжийг Монголд импортолж байжээ.  Өсөлтийн жилүүдэд хийгдсэн нийт импортын хэмжээ   800 сая ам.долларт хүрснийг тэрээр илтгэлдээ дурьдлаа. 

“Комацу нь ил уурхайн таван төрлийн техник, тоног төхөөрөмжийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Эдгээрээс үндсэн хоёр техник нь автосамосвал, экскаватор. Самосвалын тухайд 150 тонн хүртэлх нь Японд, 150-360 тонныг нь АНУ-д үйлдвэрлэдэг. Экскаваторуудаас хамгийн том нь 42м3-ийн шанагатай, 800 тонны ангилалтай PC-8000. Дэлхийн хэмжээнд PC8000 экскаватор 142 нийлүүлэгдсэнээс   100 нь “Комацу” брэнд, 42 нь бусад өрсөлдөгч компанийнх” хэмээн Д.Болдсүх ярилаа.

Дашрамд дурдахад,  “Комацу” нь “Joy Global” компанийг өөртөө нэгтгэх эхний хэлэлцээр алхмууд амжилттай бол­жээ. “Joy Global” компани нь гүний уурхайн техник, тоног тө­хөө­рөмж, өрмийн машин зэрэг брэндийг үйлдвэрлэдэг аж.

“Трансвест Монголиа” ХХК-ийн Техникийн мэдээлэл, судалгааны инженер Д.Гал-Эрдэнэ сургалт-семинарын дараагийн илтгэл болох “Харилцагчдын мэдээллийн самбар”-ын талаар танилцууллаа. Тус компани 2015 оноос харилцагчдадаа хяналтын самбар нэвтрүүлж эхэлжээ.

Тухайн техниктэй холбоотой бүхий л мэдээллийг багтааснаараа хяналтын самбарын зорилго оршиж байдаг аж. Техникийн хяналт, судалгаа, гэрээний газрын дарга Мэтт Бриггс “Ашиглалтын зардлыг тооцох Webkirdпрограмм”-ийн талаар  танилцуулга хийсэн юм. Уул уурхайн компаниудын хувьд ашиглалтын зардлаа маш нарийн тооцож байх нь юу юунаас чухал. Иймд Мэтт Бриггсийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн илтгэл оролцогчдын хүсэн хүлээсэн олон мэдээллийг багтаасанд талархлаа илэрхийлж байлаа.



Хэрэглэгчдийнхээ зардлыг хэмнэх, богино хугацаанд тоног төхөөрөмжүүд  нийлүүлэхэд анхаарч байна

“Трансвест Монголиа” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Келвин Каукинен:

“Трансвест Монголиа” компани харилцагчдадаа хандсан ямар шинэлэг үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
Миний хариуцсан хэсэг бол худалдан авалтын дараах үйлчилгээ, хангамж. “Трансвест Монголиа” компанийн Засвар, үйлчилгээний төв үйл ажиллагаагаа өргөжүүлж, бүтцээ өөрчилсөн. Мөн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, засварын  тоног төхөөрөмжийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлээд ажиллаж байна.

“Комацу”-гийн тоног төхөөрөмжийн дахин засварлагдах сэлбэг гэж байдаг. Бид засварын шинэ тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлснээр тухайн сэлбэг хэрэгслүүдийг богино хугацаанд сэргээн засварлаж, хэрэглэгчдэдээ хүргэдэг. Өөрөөр хэлбэл, сэлбэг хэрэгслийг шинээр худалдаж авах бус, засч сэлбээд үйл ажиллагаандаа ашиглах нь илүү үр ашигтай.

“Комацу”-гийн албан ёсны дистрибьютер гэдэг утгаараа бидний  сэргээн засварласан сэлбэг, хэрэгслүүд   үзүүлэлтийнхээ хувьд   үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээг­дэхүүнтэй яг ижилхэн. Эцсийн дүндээ бид хэрэглэгчдийнхээ зардлыг хэмнэх, богино хугацаанд тоног төхөөрөмжүүдийг нь нийлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Та бүхэн сэлбэг, хэрэгслийг сэргээн засварлах үйл ажиллагааг  харилцагчдынхаа санал хүсэлтэд тулгуурлан явуулж байгаа юу?
Бид нэлээд олон хүчин зүйлээс хамаарч яг юун дээр анхаарч ажиллах вэ гэдгээ шийддэг. Хэрэглэгчдийн маань санал,  хүсэлт мэдээж чухал. Ямар ч үйлчлүүлэгч зардлаа хамгийн бага хэмжээнд хүргэж, ажиллахыг хүсдэг. Тиймээс бид худалдан авалтын дараах үйлчилгээг сайн үзүүлэхийг хичээж байна.


“Трансвест Монголиа” компани харилцагчдаа дээдэлж чаддаг


“IMC” ХХК-ийн  Бизнес хөгжил хариуцсан захирал    Б.Эрдэнэбаатар:

“Трансвест Монголиа” компанийн сургалтад би анх удаа хамрагдлаа.  Мэдээж хэрэг манай байгууллага энэ компаниас техник худалдаж авдгийн хувьд инженер, техникийн ажилтнуудаа удаа дараагийн сургалтад хамруулж ирсэн. Хэдийгээр уул уурхайн салбар хүндхэн байгаа ч бэлтгэл ажлаа хангаж, харилцагч нартайгаа дотно харилцаа үүсгэж, нэг ёсондоо бид та бүхэнтэйгээ хамт байгаа шүү гэсэн мессежийг өгч буй нь чухал юм.

Нөгөөтэйгүүр, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн парк сонголт, төлөвлөлтийг хийхэд тусалдаг компанийн хувьд ийм сургалт хийж байгаад талархах ёстой. Энэ компанийн нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг мундаг гэж хэлэхээс илүүтэй  харилцагчдаа дээдэлж байгааг олон зүйлээс нь харж болно.

Катерпилларын техникүүдийг монголчууд сайн мэддэг.  Гэхдээ сүүлийн үед уул уурхайн техник, тоног төхөөрөмж нийлүүлэгч компаниудын дунд өрсөлдөөн бий болж байгаа нь эцсийн хэрэглэгч бидэнд л чухал ач холбогдолтой юм. Монголын уурхайчид “Комацу”-гийн техникүүдийг уурхай дээрээ ажиллуулж үзээд, үнэхээр сайн гэдгийг мэдэж авдаг.
Дараагийн сургалтаар хамтран санхүүжүүлэх ямар боломж байдаг талаар хийвэл сонирхолтой, үр өгөөжтэй байх болов уу гэж бодож байна. Анхны хөрөнгө оруулалт нь бэрхшээлтэй компанийг дэмжих зорилгоор хөнгөлттэй үнийн санал  танилцуулж болох юм.

Өнөөдрийн сургалтын хувьд Монголын макро эдийн засгийн байдал, бидэнд тулгараад байгаа хүндрэлтэй болон ашигтай нөхцөл байдлыг 2025 он хүртэлх прогнозоор үзүүлсэн нь  таалагдлаа.    Ялангуяа үүнийгээ ДНБ-ий өсөлттэй уяж, Монголын уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн импортын хамаарлыг харьцуулсан судалгаагаар үзүүлсэн нь  сонирхолтой байсан.