Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ MNS OHSAS 18001 стандартыг Монгол улсад нэвтрүүлсэн туршлага, үр дүнг хэлэлцэх семинар өнөөдөр Continental зочид буудалд зохион байгуулагдав. Ерөнхий зохион байгуулагч “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын удирдах хорооны дарга Ц.Уртнасан, “Эс-Эф-Си” компанийн Тэргүүлэх аудитор, профессор С.Давааням нар семинарыг нээж үг хэлсэн.
Семинараар MNS OHSAS 18001 стандартыг манай улсад нэвтрүүлсэн анхдагчид болох “Хасу Мегаватт”, ЭСТО, “Бүтээгч”, “Шунхлай” зэрэг компанийн төлөөлөгчид стандартыг компанийн үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлсэн алдаа, оноо туршлагаасаа хуваалцсан юм. Салбарынхаа онцлогт уялдуулан стандарт нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагаанд ямар үр дүн үзүүлж байгаа талаар сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. “Хасу Мегаватт” нь Оюутолгой төслийн ДЦС-ын оператор компани бөгөөд “Бүх ажилтан ХАБЭА-ийн мэргэжилтэн” гэсэн уриатай ажиллаж буй аж. Дэлхийн хэмжээний төсөл болоод компаниудтай хамтран ажиллахад юуны түрүүнд ХАБЭА-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт нэвтрүүлсэн байх шаардлага тавигддагийг “Хасу Мегаватт” компанийн ХАБ-ын мэргэжилтэн Г.Чимэд илтгэлдээ өгүүлэв. “Оюутолгой” төслөөр дамжин “Рио-Тинто” компаниас Монголын компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлын томоохон соёл, хандлагыг суралцаж буйг профессор С.Давааням гуай онцолж байлаа.
“Богд уулын арын авто зам тавих төслийг хэрэгжүүлэх үеэр гарсан нэг удаагийн ослын тохиолдлоос үүдэн компанийн үйл ажиллагаандаа ХАБЭА-ийн стандартыг нэвтрүүлсэн. Ослоор хүний амь нас эрсдээгүй ч их хэмжээний хөрөнгө санхүүгийн тооцоолоогүй зардал гарсан” хэмээн ЭСТО компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Урангоо илтгэлээ эхэлсэн. Авто болон төмөр зам, барилга угсралтын салбарт 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани Төв аймаг дахь Хөшигтийн хөндийн авто замын төслийг хэрэгжүүлж байна. “Хэрэв компаниа ирээдүйд өсөн дэвжиж, хөгжүүлнэ гэж харж байгаа бол яг одооноос хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт нэвтрүүлэхээс эхлээрэй гэсэн зөвлөгөөг Б.Урангоо захирал өгсөн.
ОШМИ компанийн Гүйцэтгэх захирал С.Мойлтмаа илтгэлдээ зөвлөх үйлчилгээний компани, мэргэжилтний үүрэг, үйлчилгээ, зардал, цаг хугацааг харьцуулан тайлбарласан. Тэрээр харьцуулалтдаа зөвлөх үйлчилгээний компани болоод зөвлөх үйлчилгээгүйгээр компани үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлэхийн ялгаатай талыг харуулахыг зорьжээ. Манай төрийн бодлого тодорхойлогчид уг асуудлыг хэр анхаардаг хийгээд өнөөгийн хууль эрх зүйн орчны нөхцөл байдлын талаар “Эс Эф Си” компанийн Баталгаажуулалтын зөвлөлийн дарга Н.Алгаа “Монгол улсын ХАБЭА-ийн үндэсний тогтоц” итгэлээрээ хөндсөн юм.
Нэг өдрийн энэхүү семинарт MNS OHSAS 18001 стандартыг нэвтрүүлсэн компаниудаас гадна нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн төлөөлөл нийлсэн 100 орчим мэргэжилтнүүд оролцлоо. Дэлхийн хэмжээний компаниуд Монголын зах зээл дээр ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих болсон энэ цаг үед манай аж ахуйн нэгжүүд ХАБЭА-ийн олон улсын стандарт, журмыг нэвтрүүлэхэд анхаарч, хоорондоо туршлага солилцох, үр дүнгээ хэлэлцэхэд энэ удаагийн семинар цагаа олсон арга хэмжээ болсныг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Энэхүү арга хэмжээг “Нэн түрүүнд ХАБ” бага хурлын удирдах хороо, Мэргэшсэн ХАБЭА-ийн Мэргэжилтнүүдийн холбоо, “Эс-Эф-Си”, ОШМИ компаниуд хамтран зохион байгуулжээ.
Э.Од