Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Аргачлалыг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин шаардлагатай

Германы  хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс зохион байгуулсан “Байгаль орчны хохирлыг тооцох амьдрах орчны үнэлгээний аргачлал” семинар өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо.

Тус семинарын нээлтэд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, ХБНГУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч ноён М.Фернау,  Герман-Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын Хамтын ажиллагааны гэрээ хариуцсан, хатагтай Урсула Хорн болон ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү аргачлалын туршилтуудыг тодорхой аймаг, бүс нутагт хийхээр зорьж буйг  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол уулзалтын үеэр тодотгосон бол ноён М.Фернау “Уул уурхайн  компаниуд амьдрах орчны үнэлгээнд тулгуурлан цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлох боломжтой болно” гэлээ.

“Байгаль орчны хохирлыг тооцох амьдрах орчны үнэлгээний аргачлалтай холбоотой хууль, дүрэм журмыг Монгол улсын парламентаар хэлэлцэнэ гэдэгт итгэж байгаа. Энэ нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм” хэмээн ноён М.Фернау хэлсэн үгэндээ онцолсон.

Мөн Герман-Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарын Хамтын ажиллагааны гэрээ хариуцсан, хатагтай Урсула Хорн Германы эрдэмтэдтэй хамтран боловсруулсан энэхүү аргачлалыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг утгаар нь илүү хөгжүүлэх, хууль эрх зүйн чадамжтай болгох хэрэгтэйг дурьдлаа.
Тэрээр  “Монгол улсын хувьд байгалийн баялгаа экспортлоход суурь шаардлагатай нөхцлийг нь амьдрах орчны аргачлал хангаж өгөх юм” гэсэн юм.

Семинарын албан ёсны нээлтийн дараа The Nature Conservancy” байгууллагын Шинжлэх ухааны асуудал хариуцсан захирал, доктор  Ю.Баяржаргал “Байгаль орчны хохирол тооцох амьдрах орчны үнэлгээний аргачлал” илтгэл тавилаа.   
Хохирол тооцох амьдрах орчны үнэлгээний аргачлал боловсруулах ажлын зорилго, аргачлалын үндэслэл болон аргачлалын дагуу хохирлыг тооцоход шаардлагатай мэдээллийн сангийн бүтцийг тэрээр хэд хэдэн жишээгээр танилцуулсан юм.

Амьдрах орчны экологийн үнэ цэнийг тогтоох аргачлалыг боловсруулахдаа  Монгол улсын нөхцөлд хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалж, шалгуур үнэлгээг аль болох шинжлэх ухааны үндэслэлтэй байх талаас нь хандсан гэдгийг  Ю.Баяржаргал доктор онцолж байсан.

“Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал В.Ихбаяр “Амьдрах орчны үнэлгээний аргачлалыг ашиглах туршилтын ажил”-ынхаа талаар мөн танилцууллаа.

Хохирлын үнэлгээг тооцох туршилтын ажлыг Биокомбинат дахь элс,  хайрганы карьер, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Бөөрөлжүүтийн хөндийд орших “Хан соёолж” ХХК-ийн алтны шороон орд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Ээвжийн алтны шороон орд, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг үйл ажиллагаа явуулж байгаа “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн алтны шороон ордод тус тус хийж давуу болон сул талуудыг тодорхойлжээ.

Байгаль орчны хохирлыг тооцохтой  холбоотой ажлуудыг   2008 оноос  хийж эхэлсэн  бөгөөд  БОАЖ-ын сайдын 2010 оны тушаалаар “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг баталжээ.  Уг  аргачлалын дагуу тодорхой үйл ажиллагааг явуулсан боловч амьдрах орчны үнэлгээнд  тулгуурласан,   шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэгжихэд хялбар, олон нийтэд нээлттэй  аргачлалыг  боловсруулах шаардлага тулгарсан гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байсан. 

Тиймээс 2013 оноос ЭТИС хөтөлбөрийн санхүүжилтээр уг аргачлалыг боловсруулах ажлыг эхлүүлж, энэ чиглэлд үнэлгээ хариуцсан мэргэжлийн байгууллагуудын дунд олон сургалт, семинар зохион байгуулж ирсэн юм.

Г.Идэр