Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Монгол улс бол оросуудын хувьд өмнөд далайн гарц



The Mongolian Mining Journal /2016.09 /094

Э.Оджаргал

2016 оны зургадугаар сард манай хойд хөрш дэлхийн хамгийн урт төмөр замыг бүтээн байгуулсны 125 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Орос орны өргөн уудам нутаг, байгалийн асар их баялагтай Сибирийг хөндлөн туулсан Транссибирийн төмөр замаар тус улсын нийт төмөр замын ачаа тээврийн 70% хийгдэж байна. Оросын нийт аж үйлдвэрийн 80%, нүүрсний олборлолтын 45%, газрын тос боловсруулалтын 20% ногдох бүс нутгаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хувьд Орос орны чухал зам юм. Энэ ч утгаараа Транссибирийн төмөр замыг шинэчлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ Евроазийн хуурай замын эдийн засгийн гол коридор болгон хөгжүүлэхээр 2014 онд Путин стратегийн бодлогодоо тусгасан байдаг. Тиймээс ч “Евразийн эдийн засгийн коридор” хэмээх Оросын санаачилгын гол төмөр зам Транссибирийн чиглэл нь Орос, Монгол, Хятад гурван улс “Эдийн засгийн коридор“-ын нэг хэсэг болж буй.

БАМ, Транссибирийн төмөр зам.  Оросын Засгийн газраас БАМ, Транссибирийн төмөр замыг шинэчлэх 500 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай хөтөлбөрийг 2018 он гэхэд дуусгахаар төлөвлөж байна.  Өнгөрсөн оны   дүнгээр Транссибирийн төмөр замаар 113 сая тонн транзит тээвэр хийгджээ. Энэ нь өмнөх оны ачаа эргэлттэй харьцуулахад 3.9%-иар өссөн бол чингэлэг тээврийн хувьд 57%-иар нэмэгдсэн байна. Хятадаас Европ руу тээвэрлэгддэг нийт ачаа тээврийн 60% нь Транссибирийн төмөр замаар хийгдсэн аж. 2015 онд Хятадаас Транссибирийн төмөр замаар 98.240 TEU ачаа тээвэрлэгдсэн нь өмнөх жилээс 79%-иар өсчээ.

Оросууд Транссибирийн төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор транзит тээврийн тодорхой хэдэн чиглэлийг анхаарч байгаа юм. Үүний нэг нь Азовын болоод Хар тэнгисийн эрэг дэх боомтууддаа тулгуурлан ачаа тээврийг Европ руу хүргэх боломжтой гэж үзэж байна. Энэ чиглэлийг ажил хэрэг болгохоор Тамань боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа юм. Тус боомт нь Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас 50 тэрбум ам.доллар хүртэлх зээл авах эрхтэй Оросын төслүүдийн нэг. Жилд 91.4 сая тонн ачаа эргэлтийн хүчин чадалд хүрэх Тамань боомтын төслийн нийт өртөг 228 тэрбум рубль буюу 3.5 тэрбум ам.доллар аж. Төслийн хувьд 2025 он гэхэд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж, 2019 он гэхэд боомтын эхний ээлж ашиглалтад орж экспорт хийж эхлэх төлөвлөгөөтэй.  Дараагийн нэг чиглэл нь Мурманск боомт хүртэлх хуурай зам бөгөөд энэ маршрутыг Оросын Зам тээврийн яамнаас Суэцийн хоолойгоор явах ачаа тээврийн уламжлалт чиглэлтэй харьцуулсан судалгаа хийхэд харьцангуй бага хугацааг зарцуулах аж.  

Транссибирийн төмөр замын салаа замуудыг хөгжүүлэх хүрээнд Хойд Солонгостой холбогдох “Хасан-Ражин” чиглэлийг ашиглалтад оруулсан бөгөөд 2015 онд Орос улсаас 32 сая тонн нүүрс тээвэрлэх туршилт амжилттай хийгдсэн юм. Одоо оросууд баруун зүгт 1520 мм цариг бүхий төмөр замыг Европын Братислав, Вена хотуудад шууд хүргэх төсөл хэрэгжүүлж байна. Хятадын Даляны боомтоос Калугин муж, Инкоу болон Японы Иокогама боомтоос шууд Москва руу Транссибирийн чиглэлээр транзит тээвэр тогтмол хийж эхлээд байгаа юм. БАМ, Транссибирийн төмөр замыг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлснээр байгалийн асар их нөөц баялагтай Сибирийн бүс нутгаас уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсийг Ази-Номхон далайн орнууд руу экспортлох зорилтыг төрийн бодлогодоо тусгаад буй. 




“Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн XXV чуулган. Транссибирийн төмөр замаар транзит тээвэр хийж буй улс орнуудын ачаа тээврийн үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийн хоорондын эдийн засаг, худалдааг нэмэгдүүлэхийг дэмжин 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн ээлжит XXV чуулган есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм.

Ашгийн бус олон улсын тээврийн байгууллага болох тус зөвлөлд Европ, Ази болон ТУХН-ийн 23 орны далайн тээвэр, оператор, логистик, боомт, шуудан, ачаа тээврийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани гишүүнчлэлтэй. 2005 оноос тус зөвлөлийн даргаар РЖД-ийн Ерөнхийлөгч ажиллаж иржээ. Тиймээс XXV чуулганаар РЖД-гийн шинэ Ерөнхийлөгч О.В.Белозёров Монголд айлчилсан нь онцлог байв. Өнгөрсөн оны наймдугаар сард РЖД-гийн тэргүүнээр сонгогдсон тэрээр хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат нарт бараалхан, биечлэн уулзаад  буцлаа.

“Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн даргын хувьд ноён Белозёров XXV чуулганыг нээж үг хэлэхдээ, Монгол улсын газар нутаг нь стратегийн ач холбогдолтой байршилтайг онцлон тэмдэглэсэн юм. Дэлхийн хоёр том зах зээл Орос, Хятадын дунд орших газар зүйн давуу талаа ашиглан худалдааны дамжин өнгөрөх тээврийн нэг коридор, Ази Европ тивийг холбох дөт зам байх боломжтойг Монголын талаас тавьж, энэ ч үүднээс тус чуулганыг эх орондоо зохион байгуулахаар “Улаанбаатар төмөр зам” санал санаачилга, хүчин чармайлт гаргасан нь энэ.

“Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн дарга бөгөөд РЖД-ийн Ерөнхийлөгч О.В Белозёров “2020 он гэхэд ОХУ-ын нийт төмөр замын транзит ачаа тээврийн эргэлт 33,6 сая тонн буюу 60%-иар нэмэгдэх төсөөлөл бий. Энэ нь Орос улсын төмөр замын өнөөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийхээс гадна олон улсын транзит тээврийн коридоруудын сүлжээтэй холбогдох зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Үүнийг мэдээж хөрш орнуудынхаа төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй.

Монгол улсын нутгаар ихэнхдээ чингэлэг тээврийн транзит хийгдэж байна. ОХУ нь Монголын нутгаар жилд 100 сая тонн хүртэл уул уурхай, тэр дунд газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнийг ажил хэрэг болгохын тулд  “Улаанбаатар төмөр зам” хүчин чадлаа нэмэгдүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа. Гэхдээ зөвхөн ачаа тээврийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр асуудлыг шийдэхгүй. Технологийн шинэчлэл хийснээр Монголын газар нутгаар дамжин өнгөрөх шинэ чиглэл нь маш нарийн, тодорхой цагийн хуваарьтай болох юм.

Мэдээж шинэ чиглэлийг ярихад тарифын нөхцөл чухал. Өнөөдөр Монголын тариф Казахстаны транзит тээвэртэй харьцуулахад өндөр байгаа. Хятадын ачаа тээвэр Оросын Транссибирийн чиглэлээс илүүтэй Казахстаны нутгаар транзит хийх сонирхолтой. Энд л бид алдаж байна. Гэтэл Монголын нутгаар дамжин Транссибирийн төмөр замаар транзит тээвэр хийх чиглэл нь 1000 км бага замыг хэмнэх боломжтой” хэмээн чуулганы үеэр Оросын РЖД телевизэд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

Тэрээр Монгол улсад айлчлахын өмнө Владивосток хотноо “Дорнодын эдийн засгийн форум” дээр ОХУ транзит тээвэртээ Монгол, Казахстаны нутгаар дамжин өнгөрөх чиглэлийг ашиглах өргөн боломж байгааг онцолсон юм. Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлдог тус форумаар Хятад, Өмнөд Солонгос, Япон болон Зүүн хойд Азийн бусад орнуудын ачаа тээврийг Бам, Транссибирийн төмөр замаар транзит хийх нь хямд өртөгтэй гэдэгт оролцогчид анхаарлаа хандуулжээ.

Өнөөдөр дэлхийн улс орнууд Хятадын асар том зах зээлтэй холбогдож, худалдаа арилжааны тэр их эргэлтээс ашиг олох боломжийг эрэлхийлж, хамтын түншлэл бий болгохыг чармайж буй. Энэ дүр зураг XXV чуулганд оролцогч Австри, Беларусь, Герман, Польш, Казахстан, Өмнөд Солонгос, Латви, Норвеги, Франц, Чех, Швейцарь, Эстони, Япон зэрэг 20 орчим орны 180 төлөөлөгчийн 30 гаруй илтгэлээс тодорхой харагдаж байлаа. Европын орнуудын тээвэр, логистикийн компаниуд илтгэлдээ Хятадын асар хурдацтай өсч буй зах зээлийн арилжаа худалдааны эргэлтийн хэмнэлд тээврийн үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулахад чиглэсэн төлөвлөгөө төслүүдээ танилцуулж байв. Гэхдээ тэдний ихэнх нь Европ, Азийн зах зээлийг холбох дөт зам, эдийн засгийн бас нэгэн чухал коридор Монгол улсаар дамжин өнгөрөх боломжийн талаар огтоос дурдаагүй нь анзаарагдав. Харин үр ашигтай зам байх боломжтой Монголын газар нутгийн хоёр талаар Казахстан, Манжуур чиглэлийн ачаа тээвэр нэлээд хийгдэх учир шалтгаан, өнөөгийн нөхцөлийн талаар тодруулан Польш, Германы илтгэгчид асуудал дэвшүүлж байсан юм.

Чуулганыг даргалан явуулсан “Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн Ерөнхий Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.О.Бессонов “Монголын транзит тээврийн үнийг Казахстаныхтай харьцуулахад өндөр байгаа нь Монгол улсын шийдвэрлэх хэрэгтэй чухал асуудлын нэг гэж бодож байна. Тарифын таатай нөхцөлөөс гадна “Улаанбаатар төмөр зам” нь технологийн шинэчлэл, дэлхийн зах зээлд нэгдэх асуудлыг ярих хэрэгтэй. Орос улсын транзит тээврийн тарифын хувьд “Евразийн эдийн засгийн холбоо”-ны Казахстан, Беларусь улстай нэгдсэн ижил тарифын нөхцөлтэй бөгөөд эдгээр гурван улсын хамтарсан тээврийн компани нь тээврийн нэг л тарифыг санал болгодог. Энэ тарифтай харьцуулах юм бол Монгол улсын үнэ 20%-иар илүү байгаа юм. Тус улстай хил залгаа Забайкалийн хязгаар бүс нутагт 20 тн чингэлгийн транзит тээврийн 1 км тариф 20 ам.доллар байдаг бол Монгол улсад 28 ам.доллар байдаг. 30%-ийн үнийн зөрүү бол бага тоо биш”  хэмээн тайлбарлаж байв.   

XXV чуулганы Ерөнхий зохион байгуулагч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар ”Транссибирийн төмөр замын нэг хэсэг Улаанбаатар төмөр зам нь Орос, Хятадыг шууд холбодог. Улаанбаатар төмөр зам нь өнөөгийн байдлаар 24-25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2016-2018 онд техникийн шинэчлэл хийснээр тээвэрлэлтийн хүчин чадлыг 34 сая тонн хүргэх зорилт тавин ажиллаж байна. 2020 онд  48 сая тонн, 2030 онд 76 сая тонн болгох төлөвлөгөөтэй. Шинэчлэл дуусахад төмөр замын антеннийн удирдлагыг бүрэн оруулж, диспетчерийн системийг нэвтрүүлсэн байх болно.

Монгол улс өмнөд бүс нутагтаа уул уурхайг хөгжүүлж, эрдэс, түүхий эдийн бүтээгдэхүүнээ Зүүн Өмнөд Азийн орнуудад нийлүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Тиймээс төрөөс төмөр замыг хөгжүүлэх бодлогодоо төмөр замын шинэ шугам, транзит тээврийн коридоруудыг голчлон өмнөд хэсэгт төвлөрүүлэх чиглэлтэй. Хятад улсын Засгийн газар хооронд тохиролцоонд хүрснээр Монгол улс нь тус улсын далайн Тяньжин, Ингкоу, Далян нийлээд долоон боомтоор нэвтрэн гарах эрхтэй. Транссибирийн чиглэлийн ачаа тээврийг Монгол улсаар дамжин өнгөрүүлж, өмнөд хэсэг рүүгээ гаргах боломжтой. 

Түүнчлэн, Монгол улсын зүгээс Зүүн хойд Азийн төмөр замын холбоо байгуулах саналтай байгаа. Ингэснээр тухайн бүс нутгийн хэмжээнд транзит тээврийн ижил тариф мөрдөх нөхцөл бүрдэнэ” хэмээн илтгэл тавихдаа “Транссибирийн тээврийг зохицуулах зөвлөл”-ийн салбарыг Улаанбаатар хотноо байгуулах санал дэвшүүлсэн юм.

Евроазийн орнууд болон зөвхөн Хятад, Оросын 100 сая тонн ачааны тодорхой хэсгийг л бид Монголынхоо нутгаар дамжин тээвэрлэх тохиолдолд манай улсын ашиг орлогын тухайд маш их тоо яригдана. Монгол улсаар дамжин өнгөрөх коридорыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өөрийн улс орны хөгжил дэвшилд хэрэгтэй гэж үзэн гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн 32 төсөлд санал болгон дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, оросуудын хувьд Монголын газар нутгаар дамжин өмнөд далайд гарах зорилттой. Өмнөд далай гэдэг нь Тяньжин боомтоос эхлээд Хятадын бүх боомтууд юм. Тэгэхээр Монгол улс оросуудын хувьд өмнөд далайн гарц гэсэн үг. Өмнөд далайн гарц гэдэг бол дэлхийн далайн тээвэрт хүрч байгаа хэрэг.