Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Эрдэс боловсруулалт-2016” олон улсын бага хурал болж байна

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон “Оутотек Монголиа” ХХК хамтран “Эрдэс боловсруулалт-2016” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус хурлын нээлтийг Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph) Б.Чинзориг удирдаж,  Монголын Ашигт малтмалын баяжуулагчдын  холбооны Ерөнхийлөгч С.Давааням, “Оутотек” компанийн Евро-Азийг хариуцсан Ерөнхийлөгч Жукка Курхинен, “Оутотек Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гансүлд болон  Ашигт малтмалын газрын төлөөллүүд оролцлоо.

 “Энэ удаагийн бага хурлыг өргөжүүлж, олон улсын түвшинд зохион байгуулж буйгаараа онцлог. Мөн Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэхүү шаардлагыг хангахуйц техник, технологийн шийдлийг эрэлхийлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэн нутагшуулж,  бодит мэдээллийн цогц урсгалыг бий болгосноор эрдэс баялгийн салбарын хөгжлийг тодорхойлох, оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна” хэмээн ГУУС-ийн захирал Б.Чинзориг нээлтийн үгэндээ онцолсон юм.

“Эрдэс боловсруулалт-2016” бага хурлын эхний өдрийн хуралдаан “Эрдэс боловсруулалтын дэвшилтэт технологи”, “Зэсийн боловсруулалт”” гэсэн сэдвээр өрнөж байгаа бол хоёр дахь өдөр нь “Нүүрс боловсруулалт”, Хүдэр бэлтгэх технологи”, “Баяжуулах процессийн загварчлал, оновчлол”, “Ховор болон металл бус ашигт малтмалын боловсруулалт” зэрэг асуудлыг хөндөн ярилцах аж.

 Эхний өдрийн хуралдаанд “Оутотек Финлянд” компанийн Хайлуулалт хариуцсан дэд Ерөнхийлөгч Жарко Туоимен “Outotec пирометаллургийн технологи-Зэсийн хайлуулалт ба цэвэршүүлэлт”,  тус компанийн Гидрометаллурги хариуцсан технологийн дарга  Жанне Каронен “Үйлдвэрийн усны цэвэршүүлэлт” илтгэлийг тавьж, оролцогчдын асуултад хариулав.

“Оутотек компанийн зэсийн цэвэршүүлэх технологи бол олон арван жил туршигдсан, бүрэн автоматжуулагдсанаараа бусад технологиос ялгардаг. Хүхрийн хүчлийг маш өндөр түвшинд ялган авдаг” хэмээн  Жарко Туоимен танилцууллаа.   

Илтгэгч Х.Оюунтунгалагийн “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн усны дахин ашиглалт” сэдэвт илтгэл оролцогчдын анхаарлыг татсан юм.

Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулалт 2014 онд 26 сая тонн, 2015 онд 28 сая тонн, 2016 онд 30,6 сая тонн болж нэмэгдэж буйтай холбоотойгоор усны зарцуулалт 10%-иар ихэсчээ. Мөн хаягдлын аж ахуйн тунаалтын цөөрмийн усны эзэлхүүн 2015 оныхтой харьцуулахад 7 орчим хувиар багассан аж.

ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн илтгэгч Р.Оюунбат “Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг байгуулах нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой ч технологийн явцад ялгарах хаягдах хий дэх хүхэрт хийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байна.  Манай улсын хувьд хүхрийн хүчлийн хэрэглэгч, зах зээлийн багтаамж бага тул экспортлох шаардлагатай. Гэвч хүхрийн хүчлийн хадгалалт, тээвэрлэлтийн технологи маш хүндрэлтэй” хэмээн ярилаа.

Ухаа худаг уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн нарийн нүүрсний циклийг өргөтгөж, шурган ангилуурын хэт ачааллыг бууруулах замаар бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, хаягдалд байгаа сайн чанарын нүүрсийг бүтээгдэхүүнд болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэсэн саналыг “Энержи Ресурс” компанийн илтгэгч Б.Батзаяа, Б.Дөлгөөнтамир  нарын судлаачид дэвшүүллээ.

Энэ удаагийн бага хуралд Финлянд, ОХУ, БНХАУ, Япон, Герман зэрэг орны эрдэс баялгийн мэргэжилтнүүд, Монгол улсаас “Оюутолгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр”, МАК, Энержи Ресурс ХХК болон МУУҮА, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид, инженер металлургич, баяжуулагчид оролцож байгаа юм.
   
Г.Идэр