Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Үндэсний геологийн салбарын ойн бага хурал боллоо

Монгол улсад Үндэсний  геологийн салбар үүсэн байгуулагдсаны 77 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимд аравдугаар сарын 21-нд  боллоо.

Үе үеийн геологич, хайгуулчдын халуун, дулаан уулзалтын уур амьсгал дунд эхэлсэн бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, тус яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогт нарын албаны хүмүүс оролцсон юм.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбат Монгол улсын эрдэс баялгийн салбарыг урт хугацаанд хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах хүрээнд  бодлого, эрх зүйн баримт бичгүүдэд холбогдох өөрчлөлтүүдийг хийх замаар геологийн бодлогыг төлөвлөн Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг хуралд оролцогчдод дуулгалаа.

 “Монголын геологийн алба нь энэ хугацаанд геологчдынхоо цаглашгүй их хөдөлмөр зүтгэлийн дүнд Монгол улсын нутаг дэвсгэрийг 1:200000-ны масштабын геологийн иж бүрдэл зургаар бүрэн хэмжээгээр, 1:50000-ны масштабтай ерөнхий эрэл, геологийн зургаар 33.7%-ийг бүрхээд байна” хэмээн АМГТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баатарцогт мөн нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ онцлов.

Үүний дараа Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич О.Төмөртогоо “Монголын геологи судлалын ойрын зорилтууд” илтгэл тависан юм.

 “Бидний дараагийн ойрын зорилт нь Монгол орны регионал геологи судалгааг эрчимжүүлэхэд чиглэгдэх ёстой. Энэ ажлыг салбарын байгууллага, хүний нөөцөөр хэрэгжүүлэх боломжтой боловч 2017-2018 онд УУХҮЯ, ШУА-ийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн хөтөлбөр гаргаж ажлыг эхлүүлэх нь ашигтай” хэмээн тэрээр тодотгов.
 
Монгол улсын геологи судлалын ойрын зорилтуудад “Улсын геологийн зураг”-ийг зохиох, “Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн геодинамик хувьслын загварыг боловсруулах” зэрэг судлагааны ажлуудыг хамруулах шаардлагатай байгаа аж.  
Үүнтэй холбогдуулан тэрээр  дэлхийн олон улс орон өөрийн нутаг дэвсгэрийн регионал геологийн судалгааны үр дүнг тодорхой масштабын төвшинд нэгтгэн харуулсан “Улсын геологийн зураг”-ийг зохиож байгаа гэсэн мэдээлэл өглөө.

 ОХУ, Хятад улс гэхэд “Улсын геологийн зураг”-аа 1:1000.000-ын масштабаар гурав дахь удаагийн шинэчилсэн хувилбараа зохиожээ.  Монгол улсын хувьд уг зургийг 1:500.000-ын масштабаар зохиох боломжтой бөгөөд энэ чиглэлээр Геологийн судалгааны төвд төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн байна.

Бага хуралд оролцогчид Засгийн газар ойрын 1-2 жилд ШУА-ын Геологи, эрдэс баялгийн хүрээлэнгийн үйл ажиллагааг сэргээж, Үндэсний геологийн албыг байгуулбал 2025 он гэхэд Монголын геологи судлал эрчимтэй хөгжлийн замдаа орно гэсэн  өөдрөг төсөөлөлтэй байгаагаа илэрхийлж байв.

О.Төмөртогоо академичийн илтгэлийн дараагийн илтгэлийг ШУА-ын Палентологи, геологийн хүрээлэнгийн захирал, академич Р.Барсболд “Нэмэгэтийн үлэг гүрвэлүүд” илтгэлийг тавьж, хэлэлцүүллээ.

Өмнөговь аймгийн баруун хэсэгт тархсан дээд цэрд доод  палеогений амьтны чулуужсан олдвортой хурдсыг анх олж нээсний 70 жилийн ой энэ онд тохиож  байгаа аж.  Энэ талаар Р.Барсболд академич илтгэлийнхээ эхэнд товчхон дурьдаад, өнгөрсөн хугацаанд Нэмэгэтийн анхны олдворт газрыг ойр орчноор нь өргөжүүлэх, олдворын шинжлэх ухааныг төлөв, ач холбогдлыг өсгөн нэмэгдүүлсээр ирсэн гэж тодотголоо.

Хуульч Э.Ганбат “Монгол улсын геологийн албаны эрх зүйн орчин, судалгаа, зөвлөмжүүд” илтгэлдээ  Геологийн үндэсний албыг байгуулахтай холбоотой  зарим зөвлөмжийг өгсөн юм. Тэрээр  Үндэсний геологийн албыг Засгийн газрын агентлагийн хэлбэрээр байгуулах нь илүү оновчтой шийдэл болно  гэлээ.

Ингэхдээ юуны өмнө Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, уг ажлын хүрээнд  Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай  гэх мэт хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийг хамтад нь бэлтгэж, УИХ-аар батлуулах замаар геологийн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж ярилаа.

77 жилийн тэртээ буюу 1939 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн хуралдааны тогтоолоор “Уурхай ба  ашигт малтмалын трест”-ийг байгуулан Үндэсний геологийн салбарын шавыг тавьсан юм.

Г.Идэр

  • Ганбат (203.91.115.39)
    Ганбат гэж ямар ч чадваргүй хүн төрийн ажлын 1 сарын ч туршлага байхгүй хүн геологийн бодлого ярьдаггүй л байхгүй юу Ичдэггүй юм байхдаа
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.197)
    илтгэлүүд нэхэж авчихаад яагаад зарим илтгэлийн талаар А ч дугараагүй байдаг билээ
    2016 оны 10 сарын 27 | Хариулах