Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” төмрийн үлэмж орд Симандоу-г Хятадад зарна

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Африкийн Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн төслөөсөө татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. “Рио Тинто” нь “Чайналко”-той албан бус гэрээг үзэглээд байна. “Рио Тинто” компани (46.6%) уг ордыг Хятадын төрийн өмчийн магнат “Чайналко” (41.3%) болон Гвинейн Засгийн газар, (7.5%) мөн Олон улсын санхүүгийн корпорацитай (4.6%) хамтран эзэмшдэг байсан юм. Гэхдээ ОУСК эзэмшлийн хувиа хамтрагч талуудад зарж буйгаа өнгөрсөн сарын эхээр мэдэгджээ. Уг төсөл нь Симандоу нурууны урд үзүүрт оршдог бөгөөд 60 гаруй хувийн агууламжтай 2 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 40 жил ашиглах боломжтой маш чухалд тооцогдох төсөл юм. Харин “Рио Тинто” компани төмрийн хүдрийн зах зээлд “нийлүүлэлтийн бороо” үргэлжлэн орох төлөвт үндэслэн ийм шийдвэр гаргаж буй тухай шинжээчид онцолж байна. Компанийн шинэхэн захирал Жан Себастьян Жак уг төслийн санхүүжилтийг олох ажил мухардалд орсон тухай хэвлэлийнхэнд зарлаж байсан нь саяхан билээ.

Уг төслийн хөрөнгө оруулалтын нийт зардал 20 тэрбум ам.доллар бөгөөд уулын оройгоос олборлосон хүдрийг далайн эрэгт хүргэх 650 км төмөр зам, эргийн боомтын дэд бүтцэд асар их санхүүжилт шаардагдах нь “Рио Тинто”-гийн хүсэл зоригийг бууруулсан бололтой. “Рио Тинто” Баруун Австралийн төмрийн хүдрээр баялаг бүс нутаг болох Пилбарагаас жилд 300 гаруй сая тонн төмрийн хүдэр олборлодог, басхүү түүгээр орлогынхоо дийлэнхийг бүрдүүлдгийн хувьд төмрийн хүдрийн Симандоу хэмээх том “авдар”-аас сайн дураараа татгалзах болсон нь онцлох үйл явдал болж байна.

Энэхүү шийдвэрийг зарласан нь зөвхөн “Рио Тинто”-гийн стратегийг харуулаад зогсохгүй төмрийн хүдрийн зах зээлийн “оргил үе” өндөрлөж, цаашид урт хугацаанд уг түүхий эдийн үнэ бууралттай, доогуур түвшинд хадгалагдана гэсэн төсөөллийг улам бэхжүүлж буй хэрэг юм. Мэдээж Симандоугийн ирээдүйг Гвинейд гарсан Эболагийн болзошгүй аюул, улс төрийн тогтворгүй байдал бүрхэг болгосон нь үнэн ч эдгээр нь “Рио Тинто” өмчөөсөө татгалзах суурь шалтгаан болж чадахгүй билээ.

“Рио Тинто” уг төсөлд эзэмшдэг 46.6 хувиа “Чайналко”-д зарснаар 1.3 тэрбум хүртэлх ам.долларын орлого төвлөрүүлнэ гэж тооцоолж байна. Энэхүү мөнгөн дүн өнөө хэр нь “Симандоу” төсөлд оруулсан тус компанийн хүчин зүтгэл, санхүүжилттэй нь харьцуулахад тийм ч хангалттай дүн биш юм. Иймд “Чайналко”-д уг худалдааны хэлцэл тун ашигтай тусч байна. Хятадын асар том түүхий эдийн эрэлт хэрэгцээг хангах урт хугацааны нөөц бүхий уг ордыг “Чайналко” бүтнээр нь гартаа оруулж байгаагийн хувьд Симандоуд шаардлагатай үлэмж хэмжээний санхүүжилтийг түргэн хугацаанд гаргаж, олборлолтыг эхлүүлж мэдэх юм. Харин энэ асуудалд Гвинейн Засгийн газар албан ёсны байр сууриа хараахан илэрхийлээгүй байна. 

Уг төсөл эхэлснээр Гвинейн ДНБ-ий хэмжээ хоёр дахин нэмэгдээд зогсохгүй төмрийн хүдрийн экспортоор дэлхийд тэргүүлэх орны тоонд багтах юм.

Хэвлэлүүдээр “Рио Тинто”-гийн энэхүү шийдвэрийг тус компанийн шинэ захирал төмрийн хүдэрт бус зэсийн салбарт, тэр дундаа Монголын “Оюутолгой” төслийн өргөтгөлийн үйл ажиллагаанд илүү төвлөрөхөөр болж буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байна. Өмнөх захирал Сэм Уолшийн тухайд төмрийн хүдрийн салбарт мэргэшсэн байсан бол Себастьяны хувьд яах аргагүй зэсийн салбарт гаршсан нэгэн билээ.

Уг мэдээлэл цацагдсанаас хойш “Рио Тинто”-гийн хувьцаа ялимгүй өсөлттэйгөөр арилжаалагдаж байна.


Б.Төгс