Энэ оны эхнээс өрийн бүтцээ шинэчлэхээр хэлэлцээрээ эхлүүлсэн “Энержи Ресурс” компани өчигдөр зээлдүүлэгч талуудтай зээлийн хэлэлцээрийг амжилттайгаар харилцан шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ. Тус компанийн зээлийн (бонд, банкны зээл, хүүгийн хамт) хэмжээ өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 828 сая ам.долларт хүрээд байсан бөгөөд үүнд ирэх оны гуравдугаар сард хугацаа нь дуусах байсан 8.9 орчим хувийн хүүтэй 600 сая долларын бонд, BNP, ICBC банкны зээл болон бусад төлбөр багтаж байна.
Энэ удаад 600 сая долларын бондын эзэмшигчдээс гадна BNP, ICBC банкны зээлийн бүтцийг шинэчлэх талаарх хэлэлцээр амжилттай болж, талууд нэгдсэн тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн байна. Нүүрсний салбарын хүндхэн үетэй тулгарсан “Энержи Ресурс” компанийн хувьд энэхүү мэдээ нь маш том дэвшилтэт алхам боллоо. “Энержи Ресурс” өр төлбөрийн бүтцийг дахин шинэчлэх хүрээнд дөрвөн багц санхүүжилтийг санал болгож байгаа бөгөөд зээлдэгч талууд саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна. Үүнд 2019 оны есдүгээр сарын 30-нд хугацаа нь дуусах 30 сая долларын өрийн бичиг, 2022 оны 9 дүгээр сард төлөгдөх 395 сая долларын өрийн бичиг, 195 сая долларын хугацаагүй өрийн бичиг, нийт хувьцааны 10%-тай тэнцэхүйц буюу 1 тэрбум нэмэлт хувьцаа гаргаж зээлдүүлэгч талуудад төлөх өрийг хувьцаагаар цайруулах зэрэг арга зам багтаж байна.
“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн "Bloomberg TV Mongolia" сувагт өгсөн ярилцлагадаа “Үндсэн гол тохиролцоо нь 830 сая орчим ам.доллар байсан компанийн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр 425 орчим сая ам.долларын шинэ зээл болж хэмжээг бууруулж байгаа” гэжээ. Түүнчлэн “Энержи Ресурс”-“Сумитомо”-“Шенхуа” гэсэн консорциум нэгдсэн байр суурьтай хэвээр бөгөөд Монгол улсын Засгийн газартай хэлэлцээрт ороход бэлэн гэж ярьжээ.
Өөрөөр хэлбэл, өрийн бүтцийг дахин шинэчилснээр “Энержи Ресурс” компанийн хугацаа заасан төлбөрийн хэмжээ 425 сая доллар болж буурч буй нь төлбөрийн дарамтын хувьд маш эерэг нөхцөл болж байна.
Өнөөдрийн байдлаар Хонконгийн бирж дээр тус компанийн хувьцаа 0.310 хонконг доллар буюу өчигдрийнхөөс 6.9%-иар өссөн дүнтэйгээр арилжаалагдаж байна.
Б.Төгс