“Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарал хандуулах ёстой вэ” олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг энэ сарын 25-нд Төрийн ордонд болно. Уг хэлэлцүүлгийг Монгол улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-иас хамтран зохион байгуулах юм.
Дугуй ширээний хэлэлцүүлэгт Монгол улсын Засгийн газрын төлөөллүүд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд, бизнесийн салбарын манлайлагчид гээд нийт 40 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Уг хэлэлцүүлгээр,
-Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал: Боломж ба шийдэл,
-Улс төрийн тогтвортой байдал: Нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтыг дэмжих татварын бодлого, хууль эрхзүйн орчин,
-Уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний боломжит мега төслүүд ба Засгийн газрын дэмжлэг зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд Монгол улсын эдийн засгийн хэтийн төлөв, үүссэн бэрхшээлийг даван туулах боломж, шийдлийн талаар хэлэлцэх юм.
Уг хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нар оролцох юм байна.