Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Тогтвортой хөгжлийн үндэсний форум болно


Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран энэ сарын 17-ны пүрэв гаригт Тогтвортой хөгжлийн үндэсний зургадугаар форумыг зохион байгуулах гэж байна. Уг чуулганаар Тогтвортой хөгжлийн зорилт, үүнд бизнесийн оролцоо ямар байх тухайд голлон хэлэлцэх юм. Чуулганд төр засаг болон гадаад, дотоодын хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Хурлын эхэнд НҮБ-ын Суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон тэдгээр нь бизнестэй холбогдох нь” сэдэвт илтгэл тавина. Мөн “Нийгмийн хариуцлагаас цогц тогтвортой хөгжил рүү – Үзэл санааны шинэчлэл” сэдэвт илтгэлийг Германы GIZ байгууллагын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн Захирал Штефан Ханселманн сонсгоно.

Чуулганаар Тогтвортойн хөгжлийн зорилтууд буюу тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих; бүх талын оролцоо бүхий хууль ёст нийгмийг бүрдүүлэх; хүний амьдралд ээлтэй хот, суурин газруудын хөгжлийг дэмжих гэсэн гурван гол зорилтуудын хүрээнд оролцогчид салбар хэсгүүд болон хэлэлцэнэ.

Салбар хуралдаануудад мэргэжлийн боловсрол сургалт, шинэ ISO стандартуудыг нэвтрүүлэх, орон нутгийн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх, агаарын бохирдлын асуудал, бизнес компаниудын тогтвортой хөгжилд оруулж буй бодит жишээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, авлигын эсрэг менежментийн тогтолцоо зэрэг олон чухал сэдвээр төлөөлөгчид санал солилцох юм байна.