Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016” болж байна

Хувийн хэвшлийн салбарт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг танилцуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрхэн оролцох, хамтран ажиллах талаар санал солилцох зорилготой “Тогтвортой хөгжлийн форум” арга хэмжээ өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохиогдож байна. Форумыг нээж Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Дүпел нар үг хэллээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Б.Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтууд болон тэдгээр нь бизнестэй холбогдох нь” илтгэлээр форум эхэлсэн юм. Тэрээр “2015 оны есдүгээр сард дэлхийн 193 орны нэгдсэн саналтайгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар "Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт ядуурлыг бууруулах, байгаль орчин хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, жендерийн эрх тэгш байдал, авлига зэрэг иргэдийн аюулгүй амьдрал, тогтвортой хөгжлийн төлөө 17 үндсэн зорилтыг багтаасан байдаг. Эдгээр зорилтыг биелүүлэхэд бүх талын оролцоо маш чухал үүрэгтэй. Энэ нь зөвхөн Засгийн газрын үүрэг биш юм. Хувийн хэвшил, төрийн түншлэл, хамтын ажиллагаа чухал оролцоотой.17 зорилтоос хуурай газрын экологийг хамгаалах, авлигатай тэмцэх, уур амьсгалын өөрчлөлт гэсэн асуудлаар анхаарч ажиллах хэрэгцээ байна” гэдгийг онцолж байлаа.

Энэ удаагийн форум нь “Бүтээлч хөдөлмөр эрхлэлтийн төлөөх мэргэжлийн боловсрол”, “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо-ISO37001 стандарт”, “Орон нутгийн тогтвортой хөгжил” гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдсан салбар семинаруудын хүрээнд явагдаж байна. “Бүтээлч хөдөлмөр эрхлэлтийн төлөөх мэргэжлийн боловсрол” сэдэвт семинараар тэгш хүртээмжтэй боловсрол, мэргэжил олгох, ажилтны тогтвор сууршильтай ажиллах нөхцөл асуудлыг хөндөх юм. “Авлигалын эсрэг менежментийн тогтолцоо-ISO37001” семинарын хүрээнд бизнес, аж ахуйн нэгжүүдэд авлигын эсрэг менежментийн стандартыг хэрхэн нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэж буй. “Орон нутгийн тогтвортой хөгжил” агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, компаниудын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, Малайз улсын байгаль орчин хамгаалах туршлагаар санал солилцож байна.

Энэхүү форумыг Үндэсний хөгжлийн газар, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга /ЭТИС/ хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. GIZ-ийн ЭТИС хөтөлбөрөөс энэхүү арга хэмжээг сүүлийн зургаан жилийн турш “Компанийн нийгмийн хариуцлагын форум” нэрийн дор зохиож ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсантай холбоотойгоор энэ жилээс “Тогтвортой хөгжлийн үндэсний форум” болгож өөрчилсөн юм.

Форумд 21 аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн удирдлагууд болон тэр дундаа ЭТИС хөтөлбөр хэрэгжиж буй зорилтод дөрвөн аймаг болох Увс, Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангайн уул уурхайн салбар, бизнес, иргэний байгуулллагын нийт 50 орчим төлөөлөл багтсан 150 гаруй зочид төлөөлөгчид чуулж байна.

Э.Од