Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт болж байна

Монгол улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалт “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн дор өнөөдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болж байна.

Зөвлөлдөх уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Монгол улсын Засгийн газар хөгжлийн түншүүдийн уулзалтыг зохион байгуулаад 25 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд хөгжлийн түншүүдээс 5,5 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл тусламжийг авсан байна.

2015 онд манай улс нэг хүнд ногдох ДНБ-ы хэмжээгээр дундаж орлоготой орнуудын тоонд багтаж чадсан ч эдийн засгийн хямралын улмаас нэг шатаар буурч, дунджаас доогуур орлоготой орнуудын эгнээнд орсон. Иймд Засгийн газар том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийг сэргээх хөтөлбөр амжилттай хэрэгжвэл ирэх онд эдийн засаг 3-5 хувиар өсөх боломж бий” хэмээн онцоллоо.

Зөвлөлдөх уулзалт “Эдийн засгийн төлөв, макро эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ”, “Монгол улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл”, “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн тулгуур салбаруудын талаар” гэсэн сэдвүүдээр өрнөж байгаа юм.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн сүүлийн жилүүдэд Монгол улсын эдийн засгийн алдаатай бодлогын улмаас төлбөрийн тэнцэл байнга алдагдалтай гарч,   гадаад валютын нөөц дундран, төгрөгийн ханшид дарамт учрах болсоны үр дүнд 2016 оны гуравдугаар улиралд эдийн засгийн өсөлт 1,6 хувийн бууралттай байна хэмээн тодотголоо.

Тэрээр үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд Засгийн газрын зүгээс шийдэмгий алхмууд хийж байгаа бөгөөд төсвлийн зардлын өсөлтийг бууруулж, бодлогын хүүг өсгөх замаар хэд хэдэн арга хэмжээ авсан нь бодит үр дүнгээ өгсөн гэдгийг илтгэлдээ мөн дурьдлаа.

Уулзалтын хоёрдугаар хэсэгт Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-хүрэх үр дүн, зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга замууд” сэдвээр илтгэлээ.

Үдээс хойшхи хуралдаанд Засгийн газар болон Хөгжлийн түншүүд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлт, хувийн хэвшлийг дэмжих боломж ба тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэх юм.

Уг хурлыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмэн нар удирдан явуулна.
     
Г.Идэр