Хурал чуулган
“Голланд өвчин” зөвхөн Голландын асуудал биш
2016-12-12
Э.Оджаргал (Киргиз. Бишкек хот 2016.11.1-8)
Эрдэс баялгийн салбарын алдаа оноотой туршлагаа хуваалцаж, түүнээсээ суралцахын чухлыг олж харсан Канад улсын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнгээс /CIRDI/ “Уул уурхай дахь төрийн оролцоо”сэдэвт семинарыг санаачлан хөгжиж буй орнуудын дунд цувралаар зохиож байгаа юм. Семинарыг оролцогч орнуудад ээлжлэн зохион байгуулахдаа уул уурхайн салбарын бодлогын асуудалд илүүтэй төвлөрч, бүхий л түвшний мэргэжилтнүүдийг хамруулдаг онцлогтой. “Уул уурхай дахь төрийн оролцоо” семинарын салхийг хагалж анхны хурлыг Монгол улсыг сонгон Улаанбаатар хотноо өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан юм. Монгол улсын эрдэс баялгийн салбарын асуудлыг хөндсөн тус семинарт Канадаас гадна Киргиз, Мьянмар, Афганистан, Лаосын Засгийн газрын төлөөллүүд оролцсон. Хоёр дахь семинар долоодугаар сард Мьянмарт явагджээ.
Харин гурав дахь удаагийн семинар Киргизийн нийслэл Бишкек хотноо боллоо. Семинарт Монгол, Киргиз, Мьянмар, Зүүн Тимор, Канад, Норвегийн эрдэс баялгийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, төрийн өмчит компаниудын мэргэжилтнүүд оролцсон юм. Семинарын хүрээнд МУУҮА болон Киргизийн Уул уурхайн ассоциаци хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд Киргизийн тал Монголоос олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга, үзэсгэлэнг хэрхэн зохион байгуулдаг талаар туршлага судлахаар төлөвлөж байгааг МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа дуулгасан юм. Энэ удаагийн семинарт Монголын талаас Гадаад хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, МУУҮА, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөгч оролцсон бөгөөд геологи хайгуулын ерөнхий мэдээллийг танилцуулж, төрийн өмчит компани болоод МУУҮА-ийн үйл ажиллагаа, “Оюутолгой”, “Тавантолгой” төслүүд дэх төрийн оролцооны талаар илтгэлүүд тавигдсан.
Зохион байгуулагчдын зүгээс салбарын бүх талын оролцоог хангахдаа хэвлэл мэдээллийн үүргийг чухалчилж, The Mongolian Mining Journal сэтгүүлд сурвалжлах боломж олгосноор Киргизийн түүхэн сонирхолтой үед тус улсад томилолтоор ажиллах завшаан тохиолоо.
20 жилийн хуримтлал
“Дэлхийн нийт ядуу хүмүүсийн 70% нь байгалийн баялагтай оронд амьдарч байна. Эрдэс баялгаа ашиглан ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх боломж бий. Гэхдээ ашигт малтмалтай орнуудад “Голланд өвчин” гэх асуудал яригддаг. Энэ нь зөвхөн Голланд улсын асуудал биш. Эрдэс баялгийн нөөцтэй, уул уурхайн бизнес эрхэлдэг, энэ салбарт үйлдвэрлэл явуулдаг бүх л улс орнуудад хамаарна” хэмээн “Осло” төвийн ахлах зөвлөх Эйнар Стинснес “Байгалийн баялгийг төрөөс удирдах боломж ба бэрхшээл” илтгэлээ эхлүүлэв. Семинарыг хамтран зохион байгуулсан “Осло” төвийн төлөөлөгч илтгэлдээ дэлхийд тэргүүн жишээ болсон Норвеги улс ашигт малтмалын орлогоо хуримтлуулж хэрхэн ард иргэддээ зориулж байгаа туршлагыг хуваалцлаа. “Голланд өвчин”-ий алдаанаас суралцаж, уул уурхайн салбар дахь төрийн зохистой оролцоо, бизнесийн сайн менежментийн бодлогыг хэрэгжүүлж чадсанаар Норвеги өнөөдрийн өндөр хөгжилд хүрчээ. Газрын тосны экспортоор дэлхийд гуравт ордог энэ улс баялгийн менежментийн хамгийн сайн туршлага хуримтлуулсан юм.1969 онд анхны өрөм тавьж газрын тосны дээж илрүүлснээс эхлэн байгалийн баялгийн ашиг орлогыг үр ашигтайгаар зарцуулах бодлого хэрэгжүүлжээ. Ингэхдээ өндөр настны тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүжүүлэхээс гадна ирээдүй үеийнхээ тогтвортой хөгжлийг хангах нөөц бүрдүүлэх зорилгоор 1990 онд Газрын тосны сан байгуулсан байна. Гол ашигт малтмал болох газрын тос, байгалийн хийн экспортын орлогоос тус сандаа хуримтлуулдаг. Анхны хуримтлалыг Норвегийн Сангийн яамнаас 1996 оны тавдугаар сард шилжүүлж байж. Хожим нь 2006 онд нэрийг өөрчилсөн Тэтгэврийн сангийн 20 жилийн өмнөх хуримтлал өдгөө 885 тэрбум ам.доллар хүрч, улсын ДНБ-ийг хоёр дахин өсгөөд байна. Норвегийн иргэд өнөөдөр хамгийн өндөр тэтгэврээрээ дэлхийд тэргүүлж байна. Тэтгэврийн нас хүртлээ ажил хийсэн, хийгээгүйгээс үл хамааран жилд дунджаар 176 мянган крон буюу 27 мянган ам.доллар авах эрхтэй.
Газрын тосны нөөц анх илрүүлсэн 1960-1970-аад онд уул уурхайн туршлагын хувьд норвегичууд гадны хөрөнгө оруулалттай корпорациудаас ихээхэн хамаарч байв. Итали, Их Британи, АНУ-ын компаниуд Норвегийн газрын тосны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн үе. Норвегийн газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудад нутгийн иргэдийг дадлагажуулж, мэргэшүүлэн бэлтгэх шаардлагыг төр засаг нь тавьсан байна. Өөрөөр хэлбэл, гадны компани заавал дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нөхцөлийг хангах хэрэгтэй болсон юм. Ийм бодлого хэрэгжүүлснээр 1972-1993 он хүртэл Норвегийн уул уурхай дахь гадны компанийн эрх мэдэл 50%-тай болж буурсан байна. Харин ерээд оны эхэн үеэс аль салбарт гадны хөрөнгө оруулалт татах, хумихаас хамаарч компаниудад илүү уян хатан бодлого барих болжээ.
Газрын тос, байгалийн хийн салбараас орж ирэх асар их хөрөнгийг хянахаас гадна орлогыг тэнцвэртэй хуваарилахад төрийн зүгээс анхаарсан байна.
“Сангийн хуримтлалыг эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбар, зам тээврийн бүтээн байгуулалтад зарцуулах талаар парламентын гишүүд марган, улс төрийн намууд мэтгэлцэж байлаа. Энэ нь бүх л улс оронд тохиолдох үйл явц учраас алдаа гаргавал давтаж болзошгүй гэдгийг норвегичууд сайн ойлгож байсан нь давуу тал болсон юм. Хуримтлалыг хэрхэн зарцуулах талаар одоо ч Норвегийн улстөрчид маргасаар байгаа. Гэхдээ зарцуулалтыг хязгаарлах хэрэгтэй гэдгийг бүгд ойлгоцгоосон. Нөгөөтэйгүүр, зарцуулалтаас илүүтэй хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үзсэн хэмээн Эйнар Стинснес ярьсан.
Ашигт малтмалын экспортын орлого шууд улсын төсөв руу орж, тэндээсээ Тэтгэврийн санд хуваарилагддаг. Ингэхдээ төсвийн орлогын хэмжээнээс үл хамааран жил бүр тогтмол 35 тэрбум ам.долларыг санд хуримтлуулдаг. Гэхдээ сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн хэлбэлзлээс хамаарч 20 орчим тэрбум ам.доллар хуримтлуулжээ. Мэдээж орлогоос хамааран төсөв хүрэлцэхгүй байх үе бий. Төсөв хүндрэхэд тухайн жилд Тэтгэврийн сангийн нийт хөрөнгийн 4%-ийг зарцуулах журамтай. Ийм тохиолдол өмнө гарч байгаагүй ч энэ жил түүхэнд анх удаа ашиглаж байгаа ажээ.
Норвегийн төр хувийн хэвшлийнхэнтэйгээ маш нягт хамтарч ажилладгийг Эйнар Стинснес онцолсон. Газрын тосны компаниуд ашиг орлогынхоо 25%-ийг татвараар улсын төсөвт оруулдаг ч зарим тохиолдолд нэмж 53%-ийн онцгой татвар төлдөг. Ашиг орлогынхоо 78%-ийг улсад тушаадаг компаниуд бий гэсэн үг. Газрын тосны компаниуд төсөл эхлүүлж, уурхай нээхээс эхлээд ашиг орлого олох хүртэл нь төрийн зүгээс дэмжлэг үзүүлдэг. Төслийн эхний үе шатанд компани 25% хүртэл татвар төлж болно. Өөрөөр хэлбэл, төслийн эхний үе шатанд нь төр өөртөө ихэнх ачааг авдаг гэж ойлгож болох юм. Харин компани ашиг орлого олж эхлэх үед эсрэгээрээ болж, компанийн нуруун дээр дийлэнх ачаа ирж, 78% хүртэлх татвар төлж эхэлдэг. “Норвегийн туршлагаас харахад 78%-ийн татвар компаниудад хэт өндөр мэт боловч төр тогтвортой байна гэдгийг тэд мэдэж байдаг нь хамгийн чухал юм. Төр тогтвортой байх нь бизнест хамгийн чухал нөхцөл бөгөөд таатай орчин хэмээн Зүүн Тиморын Газрын тосны бүтээгдэхүүн, эрдэс баялгийн сайд Альфредо Пирс хэлж байв.
Газрын тос, байгалийн хийн экспортыг бизнес гэж харж улс төртэй холбох шаардлагагүй гэж норвегичууд үздэг. Газрын тос, хийн томоохон экспортлогч орон ч ОПЕК-ийн гишүүнчлэлд багтдаггүй. ОПЕК-аас хамаарахгүй учир алив шийдвэр гол экспортод нь огтхон ч нөлөөлдөггүй давуу талтай.
Норвегийн хувьд авлигын индексээр дэлхийд тавдугаарт ордог. Энэ нь авлигын эсрэг тэмцэх зөв бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн нэг үзүүлэлт гэж Эйнар өгүүлэв. Улс орнуудын авлигалын индексийн шалгуур үзүүлэлтэд 2010 оноос оролцож ажилласан тэрээр өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Монгол, Киргиз улс авлигын эсрэг ажлууд хийж, тодорхой үр дүнд хүрч байгааг дурдсан юм.
20 жилийн “туршлага”
Семинарын өдрүүдэд Киргиз улсын шинэ парламент бүрэлдэж, дэлхийн хоёр том гүрэн Орос, Хятадын Засгийн газрын тэргүүнүүд айлчлан, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гишүүн орнуудын удирдагчид дээд хэмжээнд чуулсан онцгой үйл явдлууд давхцан тохиосон билээ. Семинараас арваадхан хоногийн өмнө Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Засгийн газраа огцруулсан юм. Тиймээс “Уул уурхай дахь төрийн оролцоо” семинарт оролцсон Киргизийн өндөр албаны төлөөлөгчдийн ихэнх нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд заримдаа Засгийн газрыг шинээр бүрдүүлэх чуулганд семинараас шууд дуудагдах тохиолдол ч гарч байлаа. Семинарт Аж үйлдвэр, эрчим хүч болон газрын хэвлийн баялаг ашиглалтын улсын хорооны дарга Дуйшенбек Зилалиев тэргүүтэй Эдийн засгийн яам, Уул уурхайн ассоциаци, төрийн өмчит компанийн төлөөлөгчид оролцож, Киргизийн уул уурхайн хөгжлийн талаар илтгэл тавьсан юм.
Хуучны Зөвлөлт Орос орны бүрэлдэхүүнд багтаж байсан Киргиз нь алтны арвин нөөцтэй Кумторын ордоо Канадын хөрөнгө оруулалтаар эдийн засгийн эргэлтэд оруулснаас хойшхи 20 жилийн “туршлагаараа” дэлхийн уул уурхайн салбарт танигдаж байгаа. Уул уурхай эдийн засгийг нь бүрдүүлдэг голлох салбар. Уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 41%-ийг бүрдүүлдэг. Гадаадын хөрөнгө оруулалт татахад уул уурхайн салбараа чухал үүрэгтэй гэж үздэг. Энэ салбарт хамгийн том хөрөнгө оруулагч нь канадчууд бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 48%-ийг эзэлж байна. Хятад, Их Британи, Орос, Казахстан, Герман, Турк, Швейцариас тодорхой хөрөнгө оруулалт татжээ. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш унаж байгаа нь тус улсад ч мөн нөлөөлж байна. Хөрөнгө оруулалт орж ирэх нь бүү хэл харин ч гарч байгааг семинарын үеэр ярьж байлаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид дайжиж буй нь нөгөө талдаа улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдал, хил залгаа том гүрнүүдийн бодлогын нөлөөтэй холбоотойг төрийн бус байгууллагын төлөөлөгчид нуусангүй.
Киргизийн уул уурхайн салбар, эрдэс баялгийн ашиглалт 1997 оноос Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдаж иржээ. Нийт таван удаа өөрчлөлт оруулсан тус хуульд энэ жил дахин өөрчлөлт оруулж байгаа бөгөөд хуулийн шинэчилсэн төсөл хоёр дахь удаагаа парламентаар хэлцэгдэхээр хүлээгдэж байна. Энэ удаад тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой өөрчлөлт оруулж байгаа юм байна. Тусгай зөвшөөрлийг хэр удаан эзэмшинэ төдий чинээ өндөр төлбөр төлөх аж. Өмнөх хуулиар компани үйл ажиллагаа явуулаагүй бол лицензийг хүчингүй болгодог байжээ. Үйл ажиллагаа явуулахгүйгээр тусгай зөвшөөрлөө удаан хугацаанд эзэмшдэг дотоодын компаниуд Киргизэд олон бий гэнэ. Тэд тусгай зөвшөөрлөө гадаадын компани, хөрөнгө оруулагчдад худалдах сонирхолтой. Ийм тусгай зөвшөөрөл худалдаж аваад “хулхидуулсан” гадаадынхны дунд монголчууд ч байдаг аж. Тусгай зөвшөөрөл эзэмшихийн тулд Киргизийн нутаг дэвсгэр дээр компани байгуулдаг ч толгой компани нь хилийн чанадад харьяалагдаж болох тул үүнээс сэргийлж хуулийн өөрчлөлт оруулж байгаа нь энэ.
Өнөөгийн байдлаар Киргизийн нутаг дэвсгэр дээр 2100 гаруй лиценз олгогджээ. Тусгай зөвшөөрлийг ихээхэн нөөцтэй томоохон ордууд дээр тендер зарлаж Засгийн газрын шийдвэрээр олгодог. Багахан нөөцтэй ордуудын хувьд Аж үйлдвэр, эрчим хүч болон газрын хэвлийн баялаг ашиглалтын улсын хорооноос бие даасан тендер явуулж, дуудлага худалдаагаар олгодог байна.
Нэг сарын хугацаанд 1-2 өргөдөл ирсэн бүх талбайг дуудлага худалдаанд оруулдаг ажээ. Татварын хувьд гадаад, дотоодын компаниуд ялгаагүй ижил нөхцөлтэй. Аль ч салбарт үйл ажиллагаа явуулсан ижил татвар төлнө. Гэхдээ уул уурхайн компаниудын хувьд 2 төрлийн татварыг нэмж төлдөг. Энэ нь тусгай зөвшөөрөл авахдаа нэг удаад төлөх “бонус” төлбөр юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн газар нутгийн талбайн хэмжээнээс хамаарч төлдөг. Алтны хайгуул гэхэд 1 ам дөрвөлжин км талбайд 100 ам.доллар төлөх жишээтэй. Эсвэл нөөцөөс хамаарч алтны 1 тонн тутамд 60 мянган ам.доллар төлдөг аж.
Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцогч дэнчин тавьдаг Монголын туршлагаас нэвтрүүлсэн энэхүү “бонус” төлбөрийн хувь хэмжээг түүхий эдийн зах зээлийн ханшийн хэлбэлзэлтэй уялдуулаагүй нь алдаа байсан хэмээн Киргизийн Уул уурхайн ассоциацийн төлөөлөгч хэлж байлаа. Алтны хувьд шороон ордын нөөцийн 1 тонн тутамд 60 мянган ам.доллар, үндсэн орд бол 40 мянган ам.долларын төлбөр ногдуулдаг. Гэтэл шороон болоод үндсэн ордын хувьд нэг ижил татвар ногдуулах ёстой хэмээн үзэж байгаа аж.
Олборлолт явуулж байгаа компаниудын хувьд роялти төлнө. Роялтийн хэмжээ ашигт малтмалынхаа төрлөөс хамаардаг. Роялтигаас бусад татвар бүгд Киргизийн улсын төсөвт төвлөрдөг. Ашигт малтмалын төрлөөс хамаарч роялтийн төлбөрийн тал хувь нь орон нутгийн төсөвт ордог. Түүнийг Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан бүс нутгийнхаа хөгжилд зарцуулдаг байна. Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн тул 2012 оноос төрийн зүгээс ийм механизм хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн, орд ашиглах тендер, дуудлага худалдаанаас орж ирэх орлогын 85%-ийг орон нутгийн төсөвт, тус бүр 3%-ийг нь бүс нутгийн хөгжлийн сангуудад оруулдаг байна. Ингэснээр өмнө нь улсын төсвөөс олгож байснаас 10 дахин их буюу ойролцоогоор 3 сая ам.доллар орон нутгийн төсөвт ордог болжээ. Киргизийн уул уурхайн салбарт тулгамдсан хоёр том асуудлын нэг болох орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг ийм зарчмаар шийдвэрлэж чадсан гэж үздэгээ Киргизийн Аж үйлдвэр, эрчим хүч болон Газрын хэвлийн баялаг ашиглалтын улсын хорооны орлогч дарга Улан Рыскулов илтгэлдээ онцолж байсан юм.
Түүхэндээ анх удаа Киргизийн Засгийн газар алтны Жеруй ордыг ашиглах олон улсын тендерийг 2015 онд зарлаж, 100 сая ам.доллараар Оросын “Восток-геолдобыча” компани эрхийг авчээ. Эл орд 84 тонн алт болон 10.3 тонн мөнгөний нөөцөөрөө Кумторын ордын дараагаар улсдаа хоёрдугаарт ордог. Ордуудын нөөцийн тухайд тус улсын Төрийн нөөцийн хорооноос тогтоодог бөгөөд нөөцийг олон улсын стандартаар тогтоох шаардлага байгааг салбарын мэргэжилтнүүд хөндөж байлаа.
Алтны ордуудаас гадна газрын ховор элементийн томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна. Энэ ордыг ашиглах тендерт Казахстаны компани ялсан ч нэрлэсэн төлбөрөө төлж чадаагүйн улмаас Киргизийн Засгийн газар эрхийг нь түдгэлзүүлжээ. Ойрын хугацаанд дахин тендер зарлахаар төлөвлөж байна. Тендерийг Япон, Хятадын хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож байгаа аж. Киргиз нь бүтээгдэхүүн хуваах гэрээний ямар ч туршлагагүй бөгөөд хамгийн том төсөл болох Кумторын ордын алтны төслийг Концессийн гэрээгээр хэрэгжүүлж буй туршлагатай. Кумторын төслөөс гадна төрийн өмчит “Кыргызалтын” компанийн хэрэгжүүлэх хоёр төсөлд л төр хувь эзэмшиж байна.
2015 оны наймдугаар сараас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс болсон юм. Үүний үр дүнд Киргиз, Казахстаны хил нээлттэй болжээ. Ингэснээр дотоодын олборлогч компаниуд баяжмалаа Казахстан руу гарган тус улсын нутагт боловсруулж томоохон асуудал үүсгээд байгаа юм. Өмнө нь Киргизийн гаалийн албанаас хилээр гаргаж байгаа баяжмалд хяналт шалгалт тавьж, баяжмалын агуулга, лабораторийн дүн шинжилгээний тодорхой мэдээлэлтэй тусгай бичиг олгодог байжээ. Гэтэл одоо нэгдсэн нэг гаалийн бүстэй болсон учир Киргизийн талаас хянаж шалгах ямар ч боломжгүй болсон байна. Тэр бүү хэл хэр хэмжээний баяжмал хил давуулан гаргаж байгаа талаар ч тодорхой тоо баримт байхгүй гэнэ.
Ил тод байдлыг хэрэгжүүлэхийн тулд 2004 онд Киргиз улс хамгийн анх ОҮИТБС-д нэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа Монгол улсаас парламентын төлөөлөгчид, мэргэжилтнүүд ирж Киргиз улстай туршлага солилцож байжээ. Гэтэл өнөөдөр Монгол улс энэ санаачилгыг хэрэгжүүлээд ихээхэн ахиц гаргасныг харж байна. Киргизийн Газрын хэвлийн тухай хуульд “компани өөрийн сайн дураар ил тод байдлын тайлан өгч болно” гэсэн ганц өгүүлбэр байдаг. Киргиз улс 2015 оны тайлангаа гаргаагүй байхад одоо 2016 оны тайлан өгөх цаг нь ирээд байна. Хоёр жилийн дараах тайлан хэнд ч хэрэггүй гэсэн шүүмжлэлийг Киргизийн Уул уурхайн ассоциацийн төлөөлөгч хэлж байлаа. Семинарын үеэр тус улсын авлигын асуудлыг төдийлөн хөндөөгүй ч авлига нь уул уурхайн салбарт тулгарч байгаа хамгийн том бэрхшээлтэй асуудал гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч байсан юм.
Өнөөдөр киргизчүүд дунджаар 200 ам.долларын цалин, 70 ам.долларын тэтгэвэр авдаг. Уул уурхайн цөөн хэдэн төсөл, Төв Азийн хамгийн том худалдааны захаас өөр ажлын байр ховор. Залуучууд нь Москва, Казахстан болоод хилийн чанадад олноороо ажиллаж байна. Өнгөрсөн оны статистик мэдээллээр Орост 1.5 мянган киргиз хүн хилийн чанадад ажил эрхэлж байгаа ажээ.