Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бөөрөнцөг үйлдвэрлэж эхэллээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ган бөөрөнцөгийн үйлдвэрийн эхний урсгалыг өнгөрсөн сарын 28-нд ашиглалтад орууллаа. Эхний урсгал нь 100-140 мм-ийн голчтой 25-40 мянган тонн ган бөөрөнцөг үйлдвэрлэх бөгөөд давтах аргаар хийсэн ган бүтээгдэхүүн нь бат бөх, элэгдэлд тэсвэртэйн сацуу хэрэглэгчийн хүсэлтээр хатуулаг шинж чанарыг нь тохируулан бүтээх боломжтой юм байна. Түүнчлэн энэ онд багтааж дараагийн шинэ урсгал буюу 60-80 мм-ийн голчтой ган бөөрөнцгийг цувих аргаар үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөжээ. Ингэснээр нийтдээ 55-60 мянган тонн ган бөөрөнцгийг дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлэх тухай тус компани мэдээллээ.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын ган бөөрөнцгийн хэрэгцээний 80%-ийг хангаад зогсохгүй 60 гаруй сая ам.долларын валютыг гадагш урсгалгүй тогтоохоос гадна 100 гаруй ажлын байр бий болгох юм байна. Түүнчлэн дотоодын ган бөөрөнцөг хэрэглэгчдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг 15-30%-иар хэмнэх боломжтой тухай тус үйлдвэрийн Ерөнхий захирал Д.Батжавхлан онцоллоо.

Уг үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг Германы метал давтаж боловсруулах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч 177 жилийн түүхтэй Schuler group-ээс нийлүүлсэн тул евро стандартын байгаль орчинд ээлтэй технологитой үйлдвэр гэдгээрээ ихээхэн онцлог юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь “Дархан-Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төсөл”-ийн хүрээнд жилдээ 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ. Тус үйлдвэр нь 2014 оны 12 дугаар сард 1 сая тонны хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжмалын үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан юм.


Б.Төгс