Зүүн өмнөд Азидаа уул уурхайн хамгийн том хуралд тооцогддог “Mining Investment Asia” ирэх гуравдугаар сарын 28-31-нд Сингапур улсад зохиогдох гэж байна. Энэхүү хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээнд Ази, Африк, Европ, Хойд Америк болон Ойрхи Дорнодын 35 орны 800 төлөөлөгч хүрэлцэн ирнэ. Тодруулбал уул уурхай, олборлолт, барилгын материал, үйлчилгээний чиглэлийн компаниуд, төрийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид уг арга хэмжээнд оролцох юм.
Хурлаар уул уурхайн салбарт тулгарч буй хүндрэлтэй асуудлууд хийгээд салбарт гарч буй ахиц дэвшлийг ч хөндөх юм байна. Голлох сэдвүүдээс дурдвал, түүхий эдийн зах зээлийн дараагийн сэргэлтийн мөчлөг эхлэх эсэх, АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнүүд зах зээлд ямар нөлөө үзүүлэх, зай хураагуурын түүхий эд буюу лити, кобальт, графит, магнийн хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, Хятадын эдийн засаг, түүхий эдийн хэрэглээ, Азийн уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн хувь оролцоо зэрэг сэдвүүд юм.
Mongolian Mining Journal хэвлэл мэдээллийн түншээр оролцож буй уг хурал, үзэсгэлэнгийн арга хэмжээнд Манай улсаас Бүгд найрамдах Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж (Тэрбээр өмнө нь “Hunnu Resources”, “Voyager Resources”, “Wolf Petroleum” зэрэг компанийн удирдлагаар ажиллаж байсан) болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл оролцоно. Түүнчлэн “Монголын уул уурхай дахь эмэгтэйчүүд” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Н.Түмэнбаяр оролцож, Монгол улсын уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар илтгэл тавина.
Энэ жилийн “Mining Investment Asia” хурлын хувьд “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” өдөрлөгийг анх удаагаа зохион байгуулж буйгаараа онцлог юм. Тус өдөрлөгөөр уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, цаашдын хандлага болон энэ салбар дахь, ялангуяа Азийн уул уурхайн салбар дахь ажилчдын хүйсийн зөрүүтэй байдлын талаар хэлэлцэх юм байна.
А.Хулангоо