Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Уул уурхайн салбарт анхны төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”, “Монголын алт” компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах  “Эрдэнэс Ашид” хамтарсан компанийг байгуулах гэрээг хоёрдугаар сарын 13-нд үзэглэж,   уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд “Эрдэнэс Монгол” компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Дэд захирал О.Одбаяр, Дэд захирал Г.Ганболд, “Монголын алт” корпораци (МАК)-ийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нар оролцлоо.

Шинээр үүсэн байгуулагдаж буй “Эрдэнэс Ашид” хамтарсан компани нь хайгуул, судалгааны ажил хийгдсэн болон хийгдээгүй эрдсийн хуримтлал бүхий талбайд геологийн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажил эрхлэх, орд газрыг түшиглэн ашигт малтмалыг баяжуулах болон олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах аж.

“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт гарын үсэг зурах ёслолын үеэр “Монгол Улсын хэмжээнд судлагдаагүй ашигт малтмалын асар их нөөц бололцоо байгаа. Эдгээр эрдэс баялгийг судалж, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах, ордын нөөцийг тооцоолох, үнэлгээ өгөх чиглэлүүдэд үндэсний тэргүүлэгч компани “Монголын алт” корпорацитай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосон юм.

“Монголын алт” корпораци нь металл, ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулын ажлыг нарийвчлан хийж, шинээр орд илрүүлж, нөөцийг тогтоох, ордын нөөцийг нэмэгдүүлэх, геологийн мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (JORC, CIM) стандартад нийцүүлэх зэрэг чиглэлээр ажилласан туршлагатай  үндэсний хөрөнгө оруулалттай тэргүүлэгч компани юм.

Тус корпорацийн Тэргүүн дэд ерөнхийлөгч  Г.Цогт “Эхний ээлжинд Эрдэнэс Ашид компанийн ТУЗ-ыг байгуулж, бизнес төлөвлөгөөгөө боловсруулна. Үүний дараа шинээр хайгуулын талбайг сонгож, эрдэс баялгийн судалгаагаа эхлүүлнэ. Магадгүй, хайгуулын явцад томоохон ордыг нээж илрүүлэх байх.  Монголын алт компани арав гаруй жилийн туршид геологи, хайгуулын салбарт ажиллаж, өөрийн гэсэн мэргэжлийн боловсон хүчин, судалгааны багтай болсон учраас энэ чиглэлд хийх ажил их байна” хэмээн онцоллоо.

“МАК” компанид  эрэл хайгуулын  мэргэшсэн 100 гаруй мэргэжилтэн ажиллаж байгаа бол “Эрдэнэс Монгол” компанийн хувьд энэхүү санамж бичгийн хүрээнд шинэ чиглэл барьж ажиллах юм.

“Эрдэнэс Монгол” компани нь 2016 оноос эрчим хүчний “Шивээ Энержи” цогцолбор төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор “Шинэ Шивээ” компанитай хамтарсан “Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулан ажиллаж байгаа юм. 

Г.Идэр