Дизель хөдөлгүүрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын “Камминс” компани 1919 оноос түүхтэй. Тус компани нь өдгөө дэлхийн 190 гаруй улсад 13 салбар үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн Монгол дахь албан ёсны салбар “Камминс Монголиа инвестмент” компани 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард үйлдвэрээ байгуулсан байдаг. Монголын бүхий л уурхайн хүнд даацын, том оврын машин техник, тоног төхөөрөмжийн хөдөлгүүрт засвар хийх үйлдвэрлэл явуулж байна.
“Камминс Монголиа инвестмент” компани үйл ажиллагааг танилцуулсан “Cummins in Mongolia” арга хэмжээ Шангри Ла зочид буудалд энэ сарын 10-нд зохион байгуулагдлаа. Арга хэмжээний нээлтийн ажиллагаанд “Камминс Монголиа инвестмент” компанийн захирал Стив Рөүз, АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Элизабет Жейн Арнолд нар оролцон, үг хэлсэн юм.
Камминс Монголиа инвестмент” компанийн захирал Стив Рөүз:“АНУ-ын “Камминс” компани нь удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхай, эрчим хүч, барилга, авто машины гээд бүх л салбарт эрчим хүчний системийг хөгжүүлэхэд дэлхийд тэргүүлэгч болж чадсан юм. Бид олон улсын стандарт нийцсэн хорт хий бага ялгаруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч байхын сацуу дэлхий дахинаа байгалийн бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмэр оруулж байгаагаа бахархдаг.
Манай компани Монгол улсад үйл ажиллагаа явуулсан таван жилийн хугацаандаа хөдөлгүүрийг дахин үйлдвэрлэх үйлдвэрийг барьж байгуулах зэрэг дотоодын дэд бүтцийн хөгжилд 8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Үйлдвэрийг байгуулснаар Монголын харилцагч нартаа өртөг багатай хөдөлгүүрийг санал болгох боломжийг олгож, дэлхийн бусад харилцагч нарын нэгэн адил чанарын баталгааг өгч байгаа юм. Манай компани одоогоор Монголын харилцагчдаа зориулан шинэ болоод дахин засварласан эд анги, шүүлтүүр, хөргүүр зэрэг агуулгын 7 сая ам.долларын эд ангийн нөөцтэй ажиллаж байна. Энэ нь Монголын харилцагч нарт шаардлагыг хангах, худалдан авалтын дараах үйлчилгээг тогтвортой байлгахад анхаарч буй хэрэг. Харилцагчид маань манай агуулахын аль ч бүтээгдэхүүнийг “Камминс” брэнд мөн болоод компанийн бүх л баталгаа дагалдаж байгаад бүрэн итгэлтэй байж болно. “Камминс” компанийн Монгол дахь салбар нь харилцагчдаа дэмжих, эрэлт хэрэгцээг хангаж, шаардлагыг биелүүлэхийг зорихоос гадна харилцагчдынхаа үйл ажиллагааны зардлыг бууруулах, хөдөлгүүрийн ажиллагааг сайжруулах боломжит хувилбаруудыг санал болгодог.
Инноваци, өрсөлдөөнт бүтээтээгдэхүүнийг бий болгох, бүтээлч байдал хийгээд ур чадвар “Камминс” компанийн амжилтын үндсэн юм. Нийгмийн хариуцлага нь компанийн хөгжлийн салшгүй нэг хэсэг гэдгийг бид ухамсарлан нийгмийн хариуцлага хүлээж, дэлхийн хаана ч ажиллахдаа бүх харилцагчаа хүндэтгэн харилцахыг эрхэмлэдэг.
Э.Од