Дэлхийн хэмжээний, томоохон уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй “Оюутолгой” ХХК жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулдаг уламжлалтай. Тус компани энэхүү нэр хүндтэй, зургаа дахь удаагийн “Эрдэнийн говь-2016” шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын “Galaxy” кинотеатрт зохион байгууллаа.
Уг ёслолд “Оюутолгой” компани болон “Эрдэнэс Оюутолгой” компанийн удирдлагууд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яамны газрын дарга нар, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд, Засаг дарга болон ханган нийлүүлэгчдийн төлөөллүүд оролцсон юм.
“Оюутолгой” компанийн ТУЗ-ын дарга Г.Батсүх ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ жилийн ханган нийлүүлэгчдийг тодруулан өргөмжлөх ёслол онцгой ач холбогдолтой болж байна. Учир нь олон жил саатсан гүний уурхайн барилга, бүтээн байгуулалтаа 2016 онд сэргээн эхлүүллээ. Мөн ил уурхайн үйлдвэрлэлээс гаргасан бүтээгдэхүүнээ олон улсын худалдан авагчидад амжилттай нийлүүллээ. Осол аюулгүй ажиллаж, төлөвлөсөн төлөвлөгөө, бодсон бодлогоо хэрэгжүүлсэн амжилт дүүрэн жил болж өнгөрсөнд таатай байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын шинэ эрин ирж байгаатай холбогдуулан өнөөдрийг хүртэл бидэнтэй хамтарч ажиллаж ирсэн, цаашид хамтарч ажиллах аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.
Тэрээр цааш нь “2012 онд “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчид гарын арван хуруунд багтахаар байсан бол өнөөдөр бараг зуу дөхөж байгаа төдийгүй чанарын ахиц дэвшлүүд их гарчээ. Тэр үед цамц, бээлий, малгай оёж, бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан ханган нийлүүлэгчид өнөөдөр Оюутолгойн ил уурхайн баяжуулах үйлдвэр, далд уурхайн бүтээн байгуулалтад технологи, хөдөлмөрийн сахилга бат, олон улсын аюулгүй байдлын стандарт бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг үзүүлж буй нь ямархуу түвшинд хүрснийг харуулна“ хэмээн тодотгосон юм.
2010 оноос хойш Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчидтэй хийсэн худалдан авалтын үнийн дүн байнга өсөж, 2015 онд 69 сая ам.долларт хүрчээ. 2016 онд “Оюутолгой” компани 1200 гаруй ханган нийлүүлэгч компанитай хамтран ажиллажээ. Үүнээс 62% нь үндэсний ханган нийлүүлэгч компаниуд байдаг бөгөөд нийтдээ 279 сая ам.долларын худалдан авалтыг хийжээ.
Мөн “Оюутолгой” компани бодлогын хувьд аль болох Ханбогд, Даланзадгадад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ханган нийлүүлэгчээр сонгон ажиллахыг чухалчилж байгаа аж. Тухайлбал өнгөрсөн онд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдийн тоо 90 болсон бөгөөд энэ онд худалдан авалтыг 83 сая ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна. “Оюутолгой” компани 2016 онд Монгол Улсад зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Оюутолгойн 600 гаруй ханган нийлүүлэгчээс 90 нь Өмнөговь аймгийнх. 2016 онд Оюутолгой компани нийтдээ 300 гаруй сая ам.долларын ханган нийлүүлэлт хийснээс зөвхөн Өмнөговь аймгийнх 69 сая ам. доллар болсон нь багагүй үзүүлэлт бөгөөд нийт ханган нийлүүлэлтийн 20 орчим хувь гэсэн үг. Үүнийг 50%-д хүргэх зорилготой ажиллаж байна. Энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдсан, орон нутгийнхаа ханган нийлүүлэгчдийг мэдээллээр хангах, Бизнес мэдээллийн төвөөрөө дамжуулан орон нутгийн ханган нийлүүлэгчдийг сургах, зөвлөх ажлуудыг үе шаттайгаар хийнэ” хэмээн онцолсон.
Ийнхүү “Оюутолгой” компанийн ханган нийлүүлэгчдийн жил бүр хүсэн хүлээдэг “Эрдэнийн говь-2016” ёслолын ажиллагаа Даланзадгад хотын “Galaxy” кинотеатрт эхлэв. Ханган нийлүүлэгчдийг “Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч”, “Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч”, “Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч”, “Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч ханган нийлүүлэгч”, “Шилдэгийн шилдэг ханган нийлүүлэгч-GRAND PRIX” гэсэн үндсэн таван номинациар шалгаруулж, шагнал гардуулсан юм.
“Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч” номинацид Катерпиллар брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагч-ханган нийлүүлэгч “Эс Жи Эс Эс” ХХК, ОХУ-ын “Камаз” хүнд даацын автомашин болон моторын тос, тосолгооны албан ёсны борлуулагч “Бат сээр” ХХК, дэлхийн стандартад нийцсэн барилгын материал хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээний бараа материал ханган нийлүүлэгч “Биллитон глори” ХХК-ууд нэр дэвшсэнээс “Эс Жи Эм Эс” компани шалгарч, шагнал хүртлээ.
Тус компани нь 2016 онд 92%-ийн нийлүүлэлтийн дундаж үзүүлэлттэй ажилласан бөгөөд “Оюутолгой” компани бараа үйлчилгээг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд нийлүүлэх чиглэлээр олон санаачилга гаргаж, олон улсын шилдэг туршлага, технологийг амжилттай нэвтрүүлэн, үйл ажиллагааны сайжруулалт хийснээрээ энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм.
“Оюутолгой” компани найдвартай, тогтвортой, аюулгүй, чанарын шаардлага хангасан дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бий болгох зорилт тавьж ажиллаж ирсэн төдийгүй энэ зорилтын хүрээнд орон нутгийн бизнесийг хөгжүүлж, чадавхижуулж буй нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг бий болгох зорилготой гэдгийг тус компанийн холбогдох хүмүүс ёслолын ажиллагааны үеэр онцолж байсан. Тиймдээ ч “Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч компани” шагнал “Эрдэнийн говь” ёслолын ажиллагааны нэг чухал хэсэг нь байлаа.
Ажлын хувцас, оёмол бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч “Өлзийт мөнх овоо” ХХК, баяжмалын уут ханган нийлүүлэгч “Баян Уул” ХХК, Даланзадгад сумын төвд оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэн, байнгын үйл ажиллаагатай компани болон ажиллаж буй “Өмнөговь Интерпрайз” ХХК компаниуд тус номинацид өрсөлдлөө.
“Өмнөговь Интерпрайз” компани 2016 онд үйлдвэрлэлийн нөөцийн удирдлагын систем, бүтээгдэхүүний чанарын хяналтын сүлжээг нэвтрүүлэх зэрэг олон үзүүлэлтээрээ энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болсон юм.
“Эрдэнийн говь” ёслолын ажиллагааны дараагийн номинаци болох “Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч”-ээр мөн “Эрчим Электрик” ХХК тодорсон юм. Цахилгааны бараа, хэрэгсэл, сэлбэг ханган нийлүүлэгч тус компанитай “хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн сэлбэг, үйлчилгээ нэвтрүүлэгч “Моннис сервис суппорт” ХХК, гүний уурхайн гэрээт ханган нийлүүлэгч “Эм Си Эс пропэрти” ХХК-иуд өрсөлдөж, нэр дэвшсэн.
“Оюутолгой” компанийн худалдан авалтын бодлогын нэгэн чухал хэсэг нь бизнесийн ёс зүйтэй, тогтвортой, өрсөлдөх чадвартай үндэсний ханган нийлүүлэгчдийг хөгжүүлэх. Энэхүү бодлогын хүрээнд үндэсний олон олон ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж буйг ёслолын ажиллагааг хөтлөгчид тайзнаа сонордуулж байв.
“Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч” номинацид хий, хийн бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч “Говь газ” ХХК ,баяжуулах үйлдвэрийн цэвэрлэгээ, үйлчилгээг ханган нийлүүлэгч “Өгөөмөр гавилууд” ХХК, барилгын ажлын гэрээт ханган нийлүүлэгч “Барилга корпораци” ХХК-ууд өрсөлдөж, Ханбогд суманд үйлдвэрлэлийн хийн агуулах барьж байгуулан, хийн баллонтой техникийн магадлал хийлгэн, сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, Нийслэлийн Онцгой байдлын газар, БОАЖЯ зэрэг байгууллагатай хамтран нийт ажилчдаа хөдөлмөр, аюулгүй байдлын давтан сургалтад хамруулсан зэрэг олон үзүүлэлтээрээ “Говь газ” ХХК шагнал хүртлээ.
Тус компанийн захирал Ц.Баттөр шагналаа гардаж авсныхаа дараа “Нэр хүндтэй шагнал гардаж авсандаа баяртай байна. Манай компани аюулгүй ажиллагааг дээд түвшинд хангаж ажиллах ёстой. Өнгөрсөн жил эхлүүлсэн Ханбогдын үйлдвэрлэлийн хийн агуулах, Улаанбаатар хот дахь хийн болон азотын үйлдвэрийн бүтээн байгуулалт 80%-тай явж байна. 2017 онд Оюутолгойн хэрэглээнд тохируулаад хүчил төрөгчийн хий үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ёслолын ажиллагааны хамгийн хүндтэй торгон мөч бол “Оюутолгой” компанийн 600 гаруй ханган нийлүүлэгчдээс үйл ажиллагааны бүхий л үзүүлэлтээрээ хамгийн шилдэг нь байж, аюулгүй ажиллагаа, бизнесийн бүтээмж, үр ашиг, санаачилгатай, нийгмийн хариуцлагатай, бизнесийн ёс зүйтэй “Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч” буюу “GRAND PRIX”-ийн эзнийг тодруулах. Тус шагналын эзнээр 2016 оны долдугаар сард байгаль орчинд ээлтэй ATR-72 агаарын хөлгийг Монгол улсад анх удаа оруулж ирэн, “Оюутолгой” компанийн нислэгийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн “Хүннү эйр” ХХК тодорч, алтан цом, өргөмжлөлийг гардан авлаа.
“Хүннү Эйр” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын журам боловсруулан хэрэгжүүлж, ажилтнуудаа мэргэжлийн сургалтуудад хамруулсан бөгөөд 2017 оны долдугаар сард хоёр дахь ATR 72-500 агаарын хөлгөө оруулж ирэхээр төлөвлөж байгаа аж.
Тус компанийн “Манай хамт олны амжилтыг ингэж өндрөөр үнэлсэнд бид бүхэн баяртай байна. ATR 72-500 агаарын хөлөг нь зөвхөн Оюутолгой гэлтгүй Монгол улсын орон нутгийн бүхий л чиглэлд нислэг үйлдэж байгаа. Энэ маань нэр хүндтэй шагналыг гардаж авахад гол нөлөө үзүүлсэн. 2017 онд 70 хүний суудалтай, орчин үеийн, сэнсэт хөдөлгүүртэй онгоцоор хуучин онгоцоо сольж, шинэчлэх ажил угтаж байна” хэмээн “Хүннү Эйр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал ярилаа.
Энэ удаагийн “Эрдэнийн говь-2016” ёслолын үеэр “Оюутолгой” компанид ханган нийлүүлэгч компаниудын бүтээгдэхүүний танилцуулга, Өмнөговь аймгийн гэрэл зурагчид гэрэл зургийн үзэсгэлэн гээд олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдсан юм.
Г.Идэр