Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Цөмийн эрчим хүчний “Westinghouse Electric” компани дампуурлаа зарлав

Японы Toshiba корпорацийн Захирлуудын зөвлөлөөс охин компани болох “Westinghouse Electric”-ийн дампуурлаа зарлах тухай шийдвэрийг баталсан байна. Дэлхийн цөмийн эрчим хүчний тэргүүлэгч компани “Westinghouse Electric” дампуурлаа зарласнаар Японы корпораци 1.01 их наяд иен буюу 9.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна. Хилийн чанадад цөмийн эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх охин компанийн дампуурлыг зарлаж буй явдал нь корпорацийн үндсэн бизнесийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ гэж Toshiba-гийн захирал Сатоши Цунакава мэдэгджээ.

АНУ-ын Дампуурлын тухай хуулийн дагуу дампуурлаа зарласны дараагаар компанийн бүтэц, үйл ажиллагаа, бизнесээ бүрэн шинэчлэх төлөвлөгөө боловсруулж, түүний дагуу цаашид үйл ажиллагаа явуулах эрхтэй. Ингэхдээ зээлдэгч нарт нөхөн төлбөрийг цаг тухайд нь барагдуулах үүрэгтэй.     

“Westinghouse Electric” компанийн өрийн асуудлаас шалтгаалж 2016 онд Японы корпораци үйл ажиллагааны санхүүгээ олон нийтэд тайлагнахаа хоёр ч удаа хойшлуулахад хүрсэн байна. Санхүүгийн тайлангаа танилцуулах хэвлэлийн бага хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 11-нд хийхээр товложээ. Товлосон хугацаанд санхүүгийн үйл ажиллагаагаа тайлагнаагүй тохиолдолд Токиогийн хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжааг нь зогсоох аж.     

Өнөөгийн байдлаар “Westinghouse Electric” компани нь АНУ-ын Өмнөд Каролин мужид тус бүр 1250 МВт хүчин чадалтай цөмийн эрчим хүчний 2 блок болон Жоржиа мужид цөмийн эрчим хүчний 2 блокийг барьж буй.
  
2006 онд Америкийн цөмийн эрчим хүчний “Westinghouse Electric” компанийн 77%-ийг Японы Toshiba корпораци 5.3 тэрбум ам.доллараар худалдан авсан юм. “Westinghouse Electric” компанийн одоогийн зах зээлийн үнэлгээ 1.5 их наяд буюу 13 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Э.Од