Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Mongolia Mining 2017” үзэсгэлэнд дэлхийн 15 орны 130 орны компани оролцоно

Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр нээгдэх гэж байна. Долоо дахь жилээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.

Хэвлэлийн бага хуралд үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулга, АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Д.Хангай, “Эрдэнэс Монгол” компанийн Захирлын ажлын албаны захирал н.Мөнх-Оргил нар оролцсон юм. Энэ жилийн “Mongolia Mining” үзэсгэлэнд дэлхийн 15 орны 130 гаруй компани оролцохоор бүртгүүлжээ. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн ханш өсөх төлөв байдалтай уялдан, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, үйлчилгээ идэвхжих хандлага ажиглагдаж буйг “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулга  онцлов. Тодруулбал, үзэсгэлэнд оролцох компаниудын тоо энэ жил нэмэгджээ. Үзэсгэлэн гурав хоногийн турш үргэлжлэх ба төгсгөлд нь оролцогч компаниудад хамтын ажиллагаа, харилцаа холбоо тогтоох боломж олгосон “ажил хэрэгч” хүлээн авалт зохион байгуулах юм. 
  
Энэ удаагийн “Mongolia Mining” үзэсгэлэнг төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани дэмжин ажиллаж буй. Энэ жил тус компанийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюутолгой” болон “Шивээ-Овоо” зэрэг охин компаниуд нь үзэсгэлэнд оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам шаардлагаа танилцуулах ажээ.

Ашигт малтмал, газрын тосны газар нь үзэсгэлэнг анхнаас нь дэмжин ажиллаж ирсэн билээ. Долоо дахь удаагийн “Mongolia Mining” үзэсгэлэн нь Засгийн газраас “Алт 2” хөтөлбөрийг баталж, хайгуулын тусгай зөвшөөрлийг дөрөвдүгээр сараас дахин олгож эхлэх гэж буй сонирхолтой цаг үед зохион байгуулагдаж байгааг АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга Д.Хангай онцолсон юм. Тэрээр, Монгол улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа энэ үед уул уурхайн олон улсын чанартай “Mongolia Mining” үзэсгэлэн зохион байгуулагдаж буй нь ихээхэн ач холбогдолтой гэсэн юм.

Э.Од