АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Пибоди Энержи” /OTCMKTS:BTUUQ/ өрийн бүтцээ шинэчилж, улмаар Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр дахин бүртгүүлэхээр болжээ. Тус компани өнгөрсөн оны 4 дүгээр сард өрөө төлж чадахгүй болж, Дампуурлын хуулийн 11 дүгээр бүлгийн дагуу үйл ажиллагаагаа сайжруулах шинэчилсэн зохион байгуулалтаар ажиллахаар болж байсан юм. Өнгөрсөн хугацаанд нийт 10.1 тэрбум ам.долларын өрийн бүтцээ шинэчлэх хэлэлцээр хийж, өрөө 5 тэрбум гаруй ам.доллараар бууруулж чадсан гэдгээ мэдэгджээ. Уг хуулийн 11 дүгээр бүлэгт хамрагдсаны дараа тус компани Нью Йоркийн хөрөнгийн биржээс хасагдаж, OTC маркет дээр хувьцаа нь арилжаалагддаг болсон бөгөөд өнөөдрөөс /4 дүгээр сарын 4/ эхлэн Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр дахин хувьцаагаа арилжаалахаар болжээ.
Үүнээс гадна “Пибоди Энержи” Австрали дахь нүүрсний уурхайнуудынхаа борлуулалт зогсож байгааг өчигдөр мэдээлсэн байна. Дэбби хар салхи Квийнслэнд мужийг дайрсан нь тус компанийн нүүрсний тээвэрлэлт зогсоход хүрчээ. Хэдийгээр “Пибоди Энержи” уурхайнуудаа ажиллуулж эхэлсэн ч төмөр замын сүлжээ ажиллахгүй байгаагаас уурхайгаас боомт руу нүүрс тээвэрлэх боломжгүй болжээ. Квийнслэнд муж дахь Bowen Basin нүүрсний сав газрыг Dalrymple Bay болон Hay Point зэрэг нүүрсний боомттой холбодог Goonyella төмөр замын сүлжээг засахад ойролцоогоор 5 долоо хоног шаардлагатай хэмээн төмөр замын Aurizon компани мэдэгдээд байгаа. “Квийнслэнд мужид “Пибоди Энержи”-ийн Coppabella, Middlemount, Millenium, Moorvale, North Goonyella зэрэг 5 уурхай байрладаг бөгөөд өнгөрсөн онд тус уурхайнуудаасаа 9.7 сая тонн нүүрс борлуулж байжээ. Төмөр замын эвдрэлтээс үүдсэн сул зогсолт нь тус компанийн хэрэглэгчдэдээ нүүрс нийлүүлэх 2 дугаар улирлын гэрээний үнэд ямар нөлөө үзүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Үүнтэй холбогдуулан сүүлийн 3 өдөр “Пибоди Энержи” компанийн
хувьцааны үнэ огцом унаж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт нэгж
хувьцаа нь 3.6 ам.доллар болж өсч байсан ч баасан гаригт 0.68 доллар болтлоо
унажээ. Мөн урьд шөнийн арилжаа хаагдахад 0.38 ам.доллар болж, дахин 44 хувиар
буурсан байна. Ингэснээр тус компанийн үнэлгээ 7 сая ам.доллар болтлоо буурч
байгаа бөгөөд сүүлийн 3 өдөрт хувьцааны үнэ 88 хувиар унаад байгаа юм. Хувьцааны
үнэ 2015 оны 8
дугаар сард 1.1 ам.доллар болж байснаас хойш түүхэн хамгийн доод цэгтээ ирээд
байна.
С.Болд-Эрдэнэ