Уул уурхайн салбарын судалгааны IntelligenceMine болон mining.com сайт хамтран дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том 50 компанийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг 2017 оны эхний улирлын байдлаар зах зээлийн үнэлгээгээр нь зэрэглэсэн байна. Монголын “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 6.2 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр жагсаалтын 47 дугаарт эрэмбэлэгджээ.
“Туркойз Хилл Ресурс” охин компаниудынхаа хувьцааг борлуулсаар ганцхан “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшиж байгаа бөгөөд 6.2 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна. Эндээс харвал “Оюутолгой” ХХК-ийн үнэлгээ 10 тэрбум орчим ам.долларт дөхөж очихоор байгаа бөгөөд “Оюутолгой” ХХК-ийг эрэмбэлвэл уг жагсаалтын 30-35 дугаарт орох боломжтой юм.
Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том 50 компанийн зах зээлийн үнэлгээг нэгтгэвэл 842 тэрбум ам.доллар байгаа бөгөөд сүүлийн нэг жилд 258 тэрбум ам.доллараар өсчээ. Жагсаалтыг Австралийн BHP Billiton, Rio Tinto компани тэргүүлж байна. BHP Billiton-ы үнэлгээ сүүлийн нэг жилд 57 хувиар өсч, 90 тэрбум ам.доллар болсон бол Rio Tinto компанийн үнэлгээ 62 хувиар өсч 74 тэрбум ам.доллар болжээ.
2016 оны сүүлийн хагас жилд төмрийн үйлдвэрлэлийн түүхий эд болох нүүрс, төмрийн хүдрийн үнэ өссөнөөр энэ чиглэлийн томоохон компаниудын үнэлгээ нэлээд өсч, жагсаалтад дээгүүр байр эзэлжээ. Тухайлбал, төмрийн хүдрийн дэлхийн 4 дэх том компани гэгддэг Fortescue Metals Group-ийн үнэлгээ 142 хувиар өссөнөөр 20 байраар урагшилж 15 дугаарт, Канадын Teck Resources-ын үнэлгээ 201 хувиар өссөнөөр 26 байраар урагшилж, 19 дүгээрт эрэмбэлэгджээ.
Сүүлийн 12 сард үнэлгээ нь хамгийн их өссөн компаниар Энэтхэгийн Vedanta, Канадын Teck Resources тодорчээ. Тус компанийн үнэлгээ 203 хувиар өсч, 12 тэрбум ам.доллар болсноор жагсаалтын 22 дугаарт оржээ. Vedanta нь Энэтхэгийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 47 хувь, зэс үйлдвэрлэлийн 37 хувийг эзэлдэг юм байна.
Жагсаалтад Хятадын 9 компани багтаж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 131.3 тэрбум доллар болж байна. China Shenhua Energy, Yanzhou Coal, Shaanxi Coal, China Coal Energy зэрэг нүүрсний томоохон компаниудаас гадна алт, зэс, литийн компаниуд жагсаалтад оржээ.
Энэхүү жагсаалтыг гаргахдаа зарим томоохон компанийг оруулаагүйг mining.com сайт тайлбарласан байна. Чилийн Codelco, дэлхийн хамгийн том алтны ордыг эзэмшигч Узбекстаны Navoi Mining, Казахстаны ураны топ үйлдвэрлэгч Kazatomprom зэрэг компани нь төрийн өмчтэй, мэдээлэл дутмаг учир энэхүү жагсаалтад оруулаагүй гэжээ.
Мөн гангийн томоохон үйлдвэрлэгч ArcelorMittal, Magnitogorsk, Ternium, Baosteel зэрэг компаниуд төмрийн хүдэр болон бусад металын олон уурхай эзэмшдэг ч үндсэн бизнес нь хүнд аж үйлдвэрийн салбар хэмээн үзэж, тэднийг энэ жагсаалтад оруулаагүй байна. Харин Хятадын China Shenhua Energy компани төмөр зам, эрчим хүчний бизнестэй ч дэлхийн хамгийн том нүүрс олборлогч учир жагсаалтад оруулжээ.
С.Болд-Эрдэнэ