Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Алтны санхүүжилт” сэдвээр сургалт зохион байгуулав

Монголын Банкуудын Холбоо Монголын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд “Алтны санхүүжилт” сургалтыг энэ сарын 4-5-нд  зохион байгууллаа. Уг сургалтын эхний өдөр “Алтны ордыг нээх, ашиглах үе шатууд, үйл ажиллагааны мөчлөгүүд”, “Алтны ордууд тэдгээрийн байршил, хэтийн төлөв, уурхайнуудын онцлог” сэдвээр судлаач Д.Дамба сургалт явууллаа.
 
Харин хоёр дахь өдөр “Гложекс” компанийн Ерөнхий захирал Л.Наранбаатар “Шороон ордын алтны төслийн онцлог, зээлийн эрсдлийг удирдах нь” сэдвээр сонирхолтой мэдээллүүдийг өгсөн юм.

Тэрээр шороон ордын алтны төслүүдийн гарч болох эрсдлүүдийн талаар дурьдаад, нөөцийн эрсдлийн онцлог нь нөөц багатай, лиценз зарах сонирхлоор нөөцийг “давслах” гэх зэрэг эрсдлүүд гардаг бол технологийн эрсдэлд ихэнхдээ ордын төлөвлөгөө буруу хийх, буруу газраас ашиглалтыг эхлүүлэх, баяжуулалтын технологио буруу сонгосноос алтаа хаях, хаягдлаа дахин дахин угааснаар зардал өсөх, оновчгүй техник сонгох зэрэг ордог хэмээн жишээ баримтаар тайлбарлав.

Үүний дараа МУИС-ийн профессор Х.Цэвэлмаа “Уул уурхайн салбарын өртгийн нэгдсэн сүлжээ” сэдвээр мөн сургалт хийлээ. Тэрээр алтны өртгийн сүлжээний өртгийг төлөвлөх үйл явц, өртгийн сүлжээний санхүүжилт, өсөлт, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа болон кластер, кластерийн санаачилгын талаархи ойлголтуудыг өглөө.

Улс орнуудын сүүлийн 20 жилийн туршлагаас харахад кластерийн санаачилгыг хэрэгжүүлэхэд дунджаар 3-5 жилийн хугацааа шаардлагатай байдаг бөгөөд кластерийг худалдааны хэлбэртэй болгож, зорилтот зах зээл рүү нэвтрүүлэхэд 10 гаруй жилийн шаардлагатай хэмээн процессор Х.Цэвэлмаа ярилаа.

Сургалт ШУТИС-ийн судлаач, эрдэмтэн Ш.Халтарын “Алтын уурхайн үйлдвэрлэлийн өртөг зардлын бүтэц, шинжилгээ, техник-технологийн  сонголт эдийн засгийг үр ашигт нөлөөлөх, эрсдлийн шинжилгээ” сэдвээр үргэлжилсэн юм.

Г.Идэр