Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

“Нэн түрүүнд ХАБ-2017” хоёр дахь өдрөө үргэлжлэв

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог төгөлдөржүүлэхээр тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор энэ сарын 11-12-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгуулагдаж байна.

 Уг бага хурлыг Мэргэшсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Нийгмийн тогтвортой хөгжлийн үндэсний нийгэмлэг, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Эс Эф Си Эс” компани хамтран зохион байгуулж байгаа юм.

Бага хурлын эхний өдрийн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа  нар оролцсон юм.    

Дэлхийд өдөрт 6400 буюу жилдээ 2,3 сая хүн, Монгол Улсад ажлын гурав хоногт нэг буюу жилдээ 65 хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр эндэх, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол гарч буйг анхаарууллаа. 

Зөвхөн 2013-2015 онд бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тоо 1500-д хүрч, 150 гаруй хүн амь эрсэдсэн нь ХАБ-ын асуудалд төр засаг, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд онцгой анхаарч, бодитой, үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай болсон гэдгийг хуралд оролцогчид онцолж байсан юм.  

Энэ удаагийн бага хурал нь  ХАБЭА-г сайжруулах Үндэсний 5 дугаар хөтөлбөрийн төслийг хэлэлцэж, нийгмийн түншүүд Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч болон ХАБЭА-н ажилтан мэргэжилтнүүд, Хөдөлмөрийн улсын байцаагчдын санал бодлыг тусгахаар ХАБЭА-н Үндэсний хороог шийдвэрлэсэн чухал цаг үед зохион байгуулагдсаныг Г.Адъяа дарга  хуралдааны  үеэр тодотгов.

Монгол Улс НҮБ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн стратегид нэгдээд 10 гаруй жил болж,  энэ чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа ч зохистой хөдөлмөр эрхлэлтийг  бодит амьдралд дээр хэрэгжүүлж чадаагүйгээс осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тууштай бууруулж чадахгүй байгаа аж.

Түүнчлэн  ХАБЭА-г мөнгө олох хэрэгсэл гэж үзэн, чанаргүй сургалтууд хийдэг хүмүүс олон болсныг анхааралдаа авах болсныг хуралд оролцогчид анхааруулж, ХАБЭА-н Үндэсний хороо сургалтын байгууллагуудад тавих шаардлагаа дээшлүүлэх, стандарт гаргах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж байв.   

Бага хурал  “ХАБ-ын түншлэл”, “Хөдөлмөрийн эрүүл мэнд ба даатгал” зэрэг сэдвээр өрнөж, сэдэвчилсэн хуралдаануудаар үргэлжилсэн бөгөөд Барилга хот байгуулалтын яамны ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батзориг,  “Барилгын салбарын ХАБЭА-н удирдлагын тогтолцоо”, ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Г.Дүгэрээ “ ХАБЭА-н үндэсний бүтэц, салбар хороод, зөвлөлийн үйл ажиллагаа” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

“Сүүлийн 10 гаруй жилд бүртгэгдсэн үйлдвэрлэлтэй холбогдсон ослын 20 шахам хувь нь технологийн горим зөрчиж, аюулгүй ажиллагааны арга барил дутуугаас гарсан. Иймд ХАБЭА-н хороо, зөвлөлийн бүтцээ чадавхижуулах, Жижиг, дунд үйлдвэрлэлийн ажил олгогчдыг чадавхижуулах, ажиллагчдын мэргэжлийн ур чадварыг системтэй дээшлүүлэх гэсэн гурван багц асуудалд бүх нийтээр анхаарлаа хандуулах цаг болжээ” хэмээн ХАБЭА-н Үндэсний хорооны гишүүн Г.Дүгэрээ илтгэлдээ онцоллоо.

                                       Г.Идэр