Австралийн үнэт цаасны биржид бүртгэлтэй “Yancoal” (ASX:YAL) компани “Рио Тинто” компанийн охин компани “Coal & Allied Industries” компанийг 2.45 тэрбум ам.доллараар худалдаж авлаа. Энэхүү хэлцлийг Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтын хяналтын зөвлөл (Foreign Investment Review Board) өчигдөр зөвшөөрсөн байна. Энэ нь Хятадын төрийн өмчийн хяналттай компани Австралийн хөрөнгийг худалдаж авч байгаа хамгийн том хэлцэл болжээ. Уг хэлцлийг өнгөрсөн 2 дугаар сард “Рио Тинто” болон “Yancoal”-ийн толгой компани “Yanzhou Coal”-ийн ТУЗ зөвшөөрсөн байсан юм.
“Рио Тинто” –гийн охин компани “Coal & Allied Industries Ltd” нь Mount Thorley уурхайн 80 хувь, Warkworth уурхайн 55.6 хувийг эзэмшдэгээс гадна Newcastle дахь нүүрсний экспортын терминалын 36.5 хувийг эзэмшдэг байна.
Харин “Yancoal Аustralia” компанийн 78 хувийг Хятадын нүүрсний томоохон компани “Yanzhou Coal”, 13.2 хувийг “Noble Group” эзэмшдэг юм. “Yanzhou Coal” компанийн хяналтын багцыг Хятадын төрийн өмчит “Yankuang Group” эзэмшдэг болохоор төрийн өмчийн хяналттай компани гэгддэг юм. “Yancoal Аustralia” нь Австралид хэд хэдэн томоохон нүүрсний уурхайг эзэмшдэг. Өнгөрсөн жил 15.5 сая тонн эрчим хүчний болон коксжих нүүрс олборлон борлуулсан байна. “Рио Тинто”-гийн нүүрсний уурхайн хувьцаануудыг авснаар “Yancoal Аustralia” нь Австралийн хамгийн том нүүрсний компани болж байгаа аж.
С.Болд-Эрдэнэ